Төмөр замын захирлуудын хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Төмөр замын захирлуудын хурал боллоо

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төмөр замын ерөнхий захирлуудын 25 удаагийн бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Ерөнхий  захирлуудын анхдугаар хуралдаан 1992 онд Монголд болж байсан байна. Энэ удаагийн хуралдаанаар үндэсний төмөр замын асуудлыг хэлэлцэхгүй бөгөөд төмөр замуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хэлэлцэх ажээ. Мөн хамтын ажиллагаатай төмөр замуудын 2009 оны ажлын тайлан, энэ оны онцлог зэрэг зүйлс хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна. Энэхүү олон улсын хуралдааны талаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаагаас тодрууллаа.

-Сүүлийн үед манай улсын хувьд анхаарал татсан асуудлын нэг нь төмөр замын ирээдүй хэтийн хөгжил байгаа. Төмөр замыг бүдүүн царигаар үргэлжлүүлэн тавих уу эсвэл нарийн царигийн төмөр замыг нэвтрүүлэх үү гэдэг асуудлыг бусад төмөр замынхантай хэлэлцэх үү?

-Төмөр замуудын хамтын ажиллагаатай байгууллагуудын захирлуудын бага хурал бол гишүүн 26 орны төмөр замын асуудлыг өргөн хүрээгээр хэлэлцдэгээрээ онцлог. Гэхдээ Монгол Улсын төмөр замын шинэчлэлийн асуудлаар санал солилцох нь мэдээж. Царигийн талаар болоод манай улсын барьж буй бодлогын талаар танилцуулж, бусад улсынхны санаа бодлыг сонсох биз ээ.

-Энэ удаагийн хурлаар Ази Европын транзит тээврийн тарифын асуудал яригдах нь мэдээж . Манай улсын хувьд бага хурал нутагтаа болж байгааг ашиглаад нааштайгаар  шийдүүлчих ямар асуудал байна вэ. Ачаа болон зорчигч тээврийн тарифыг алдагдалгүй тогтоох боломж хэр байна вэ?

-Монгол Улсаар дамжин өнгөрөх тээврийн тарифыг энэхүү бага хурлаар хэлэлцэж тогтоодог. Тиймээс зорчигчид болоод ачааны тарифыг ярилцаж л таарна. Ямар хууль эрхзүйн хүрээнд, ямар зохицуулалтаар, ямар бичиг баримтаар дамжин өнгөрөх үйлчилгээг явуулах вэ гэдгийг захирлуудын хурлаар л тогтоодог. Манай улсын хувьд дотоодын тээвэртээ байнга алдагдал хүлээж  байдаг ч дамжин өнгөрөх тариф харьцангуй ашигтай байдаг. Тэгэхээр алдагдлын асуудлыг дотооддоо хэлэлцэхээс аргагүй. Хоёр хөрш орнуудаас импортоор оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын тээвэр болон хоёр улсын зорчигч тээврийн тухайд алдагдалтай тариф мөрдөж байгаа нь үнэн. Гэвч энэ асуудлыг хамтын ажиллагааны орнуудын хэмжээнд хэлэлцэхгүй.

-Хамтын ажиллагааны орнууд дундаа манай төмөр замын байгууллагын байр суурь ямар төвшинд байна вэ?

-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тухайд 1956 оноос хойш хамтын ажиллагаатай  орнуудын гишүүн болсон. Анхны 10 гишүүдийн нэг. Тиймээс манай төмөр замын байр суурь дээгүүрт тооцогддог гэж хэлж болно. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд бидний дуу хоолой хүчтэй хэвээр байгаа.

-Хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болоод ажиглагч орнуудын хувьд ялгаа бий юу?

-Ажиглагчаар Франц, Финланд, Иран зэрэг орны төмөр замын байгууллагууд оролцож байгаа. Ажиглагч орнууд хэлэлцэж буй асуудлаар санал солилцох, байр сууриа илэрхийлэх эрхтэй. Харин шийдвэр гаргахад оролцох эрхгүй байдаг. Гишүүдэд хуучин социалист орнуудын төмөр замын байгууллагууд болон хуучин ЗХУ-аас салсан орны төлөөлөгч нар зонхилж байдаг гэлээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж