Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тавдугаар сарын 30-31-нд Япон Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайд Ш.Абэ-д бараалхаж, Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида-тай хэлэлцээ хийж, “Никкэй” сонины газраас жил болгон зохион байгуулдаг “Азийн Ирээдүй” форумд оролцож, Монгол Улсын гадаад бодлого, Зүүн хойд Азид хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, илтгэл тавив.
Өнгөрсөн онд босон энэхүү форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Азийн форум” зохион байгуулах санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар тус санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр монголын талаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар тайлагнаж, бүс нутгийн орнуудын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, зорилтуудын талаар танилцуулав.
Уулзалт, ярианы үеэр Монгол, Японы стратегийн түншлэлийг олон улс, бүс нутгийн талбарт гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ирэх онд болох 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ирэх 6 дугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд японы талтай нягт хамтран ажиллах, мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
JICA, JBIC-ийн удирдлагуудтай уулзав
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын Ерөнхийлөгч Ш.Китаока, Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ны гүйцэтгэх захирал Т.Маэда нартай уулзав.
JBIC-ны гүйцэтгэх захирал Т.Маэда-тай хийсэн уулзалтаар японы тал 5 дугаар сарын эхээр тус банкны тухай хуульд өөрчлөлт орж, зөвхөн төслийн санхүүжилт бус гадна гадаадын орнуудад хөрөнгө оруулалт хийх боломжтой болж буй тухай танилцуулж, цаашид Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн тус банк нь өнөөг хүртэл Японы хувийн хэвшлийнхний гадаадад хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэлбэрээр ажилладаг байсан бол цаашид хувийн хэвшлийнхнийг гадаадад нэвтэрч үйл ажиллагаа явуулахад манлайлж, залж ажиллах хэлбэлт шилжиж байгаагаа танилцуулж байв.
/JICA/-ын ерөнхийлөгч Ш.Китаока-тай уулзах үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын зээл, тусламж нь Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлж, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Монгол Улс өндөр үнэлж, талархаж байдгийг тэмдэглэв. Японы тал цаашид цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд, хоёр орны хувийн хэвшлийг холбоход дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж байсан болно.
Үүнээс гадна сайд Л.Пүрэвсүрэн Японы Тэтгэврийн хуримтлалын сан /GPIF/-гийн Ерөнхийлөгч Н.Такахаши-тай уулзаж Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр тус сантай хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар санал солилцов.
Гадаад хэрийн сайд Л.Пүрэвсүрэн Японы “Ардын дипломатын нийгэмлэг”-ийн удирдлагуудтай уулзаж ачаа тээвэр, дамжин өнгөрөх тээврийн асуудлаар тус нийгэмлэгтэй нягт хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх хийхээр тогтов.
Айлчлалын дүнгээр гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Японы “Никкэй” сонинд ярилцлага өгөв.