
Дэлхийн томоохон биржид бүртгэлтэй уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд монгол улсад үнэт цаасаа арилжаалах сонирхолтой боловч түүнийг бүртгэх, арилжих, үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал одоогийн хуулиар зохицуулагдаагүй. Иймээс зах зээлээ тэлэх, хөрөнгө оруулалт татахад хүндрэл үүсдэг аж. Нөгөө талаас гадаадын компаниуд Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах сонирхол их байдаг ч эрх зүйн зохицуулалтын орчин хангалттай бус гэсэн болгоомжлол байсаар байна. Энэ мэт тус хуулинд шинээр зохицуулах асуудал их гарч байгаа тул энэ талаар анхаарах ажиллах ёстойг зөвлөлийн хурлаар ярилцсан байна. Түүнчлэн Монголын санхүүгийн харилцааг зохицуулж байдаг гол гол хуулиудын хоорондын уялдаа холбоо болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нь бусад хуулиудтай хэрхэн уялдаж байгааг судлах, нэгдсэн дүгнэлт гаргахыг ажлын хэсгүүдэд үүрэг болгож, есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд бэлэн болгохыг Сангийн сайд С.Баярцогт үүрэг болгожээ.