“Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Монгол улсын Соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг тэргүүтэй найман орны 17 балетчин өнөөдөр /2016.06.02/ “Night of ballet” олон улсын балетын наадмын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү олон улсын наадам тав дахь жилдээ болж байгаа бөгөөд дэлхийн сонгодог урлагийн нэр хүндтэй АНУ-ын “Бостон балет”, “Орландо балет”, “Синсинати балет”, Япон улсын “Комаки балет”, Канад улсын “Канадын үндэсний балет” болон Монгол улсын ДБЭТ-ын балет гоцлоочдыг Монголын тайзнаа нэгтгэж буйгаараа онцлог ажээ.
Уг наадамд урлаг шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг “Тэсрэх бөмбөг” Жозеф, Майкли Гатти, уран техникийн илэрхийлэл Родриго Алмаралес, “Гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлын гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн Лаша Хозашвилий, Дасти Баттон нар оролцож, өөрсдийн гайхамшигт тоглолтоо ганцхан удаа толилуулах юм байна.
Мөн энэхүү тоглолтын үеэр МУГЖ Д.Алтанхуяг, уртын дуучин Г.Эрдэнэчимэг нарын хамтарсан “Монгол бахархал” уран бүтээлийг анх удаа үзэгчдэд сонирхуулж гэнэтийн бэлэг барих гэнэ.
“Night of ballet” олон улсын наадмын тайзнаа “Уран хас”, “Хунт нуур”, “Дон Кихот” зэрэг сонгодог урлагийн сор бүтээлүүд амилах бөгөөд дэлхийн шилдэг балетын бүжигчдийн орчин үеийн сонгодог хөгжлийг харуулах аж. Сонгодог урлагийн гайхамшгийг энэ сарын 4-ний 19.00 цагт Конвейншн центрийн Концертийн танхимд зохион байгуулах гэж байна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч, 100,000-120,000 төгрөгөөр худалдаалж байна.
“Бостон балет” театрын гоцлол бүжигчин Дасти Баттон “Монголд ирж энэхүү олон улсын наадамд оролцох болсондоо их баяртай байна. Тоглолтын бэлтгэл сайн хангагдсан. Маш сайхан тоглолт болно гэж бодож байна. Уг наадамд оролцож, олон сайхан найзуудтай болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн Канад улсын “Канадын үндэсний балет” театрын гоцлол бүжигчин Елена Лобсанова “Монголд анх удаагаа ирж, уг наадамд театрынхаа Наояа Эбэтэй хамт оролцох гэж байна. Монгол оронд ирж сургуулилтад оролцохоос гадна Хүүхдийн баярыг “Монголын шинэ балет” сургалтын төвийн хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж, сайхан байлаа. Ялангуяа олон орны бүжигчидтэй танилцаж, нэг баг болон ажиллаж байгаад таатай байна” гэв.