Газрын тосны тээврийн замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Газрын тосны тээврийн замыг нээлээ

“Петро чайна дачин тамсаг” компанийн газрын тос тээвэрлэх замыг хаах шийдвэрийг Авто замын газар гаргаад байв. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тос олборлон экпортолдог тус компанид 10 зүйл заалт бүхий зөрчил илрүүлж, засч сайжруулах хүртэлх тодорхойгүй хугацаагаар тээврийн замыг хаасан юм. Тэгвэл тус тээврийн замыг нээх шийдвэрийг Авто тээврийн газраас өчигдөр гаргажээ. Чухам ямар шалтгаанаар гэдэг нь төдийлөн тодорхой бус байгаа юм. Ерөнхийдөө тавьсан шаардлагыг биелүүлж эхэлсэн тухай албан бичгүүдийг ирүүлсэн нь тээврийн замыг нээх үндэслэл болсон гэдгийг албаныхан ярьж байна.

Анх тус тээврийн замыг хаах шийдвэр гарахад цуцлуулах сонирхолтой улс төр, бизнесийн нөлөө ил далдаар явж байсан гэдэг. Ямар сайндаа л салбарын сайдад нь хүртэл дарамт үзүүлж буй талаар дөрөв дэх засаглалынхан бичиж байлаа. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү утсаар дарамт үзүүлсэн тухай телевизээр шуугиад авсан. Түүнийг “Петро чайна дачин тамсаг компанийн тээврийн замд хяналт шалгалт хийсэн бүх улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлж, замыг нээ” гэж загнасан гэдэг. Р.Содхүү даргын хувьд өмнө нь Тавантолгойн тээврийн замыг ашиглах боломжтой хэмээх улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, Авто тээврийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг хүчин зүтгэж байсан юм. Юутай ч Монгол Улсад хууль дүрэм байдгийг, энэ хуулийг гадны компаниуд ч дагаж мөрдөх ёстойг Авто тээврийн газрын удаа дараагийн шийдвэрүүд харууллаа. Харин төрийн албаны хараат бус ажиллах орчинг бүрдүүлэхэд анхаарал хандуулах цаг болжээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж