
Анх тус тээврийн замыг хаах шийдвэр гарахад цуцлуулах сонирхолтой улс төр, бизнесийн нөлөө ил далдаар явж байсан гэдэг. Ямар сайндаа л салбарын сайдад нь хүртэл дарамт үзүүлж буй талаар дөрөв дэх засаглалынхан бичиж байлаа. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү утсаар дарамт үзүүлсэн тухай телевизээр шуугиад авсан. Түүнийг “Петро чайна дачин тамсаг компанийн тээврийн замд хяналт шалгалт хийсэн бүх улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлж, замыг нээ” гэж загнасан гэдэг. Р.Содхүү даргын хувьд өмнө нь Тавантолгойн тээврийн замыг ашиглах боломжтой хэмээх улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж, Авто тээврийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг хүчин зүтгэж байсан юм. Юутай ч Монгол Улсад хууль дүрэм байдгийг, энэ хуулийг гадны компаниуд ч дагаж мөрдөх ёстойг Авто тээврийн газрын удаа дараагийн шийдвэрүүд харууллаа. Харин төрийн албаны хараат бус ажиллах орчинг бүрдүүлэхэд анхаарал хандуулах цаг болжээ.