Ах дүү хоёрын дунд “алаан” болно

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Ах дүү хоёрын дунд “алаан” болно

УИХ-ын 18 дугаар тойрогт буюу  Завхан аймгийн Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар багийн нутагт  ах, дүү хоёр хүч үзэхээр болж байна.

Тус тойрогт Ардчилсан намаас Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, Ардын намаас Ш.Батсамбуу, Тусгаар тогтнол эв, нэгдлийн намаас Ш.Сайхансамбуу нэр дэвшинэ.

Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу

Нэг айлын хоёр хүү, төрсөн ах дүү хоёр нэг тойрогт бие биенээ дуэльд дуудсан тохиолдолд өмнөх долоон сонгуулиар  гарч байгаагүй. Харин энэ удаад ах дүү хоёр ийнхүү нэг тойрогт халз үзэж байгаа бөгөөд энэ нь тэднийг хөрөнгө мөнгөнөөсөө болж муудалцсан гэдгийг харууллаа гэж хардах нэгэн нь байгаа аж.  Өнгөрсөн хавар  “Нарантуул” зах шатах үед Ш.Сайхансамбуу “Хэн шатаагаад байгааг би мэднэ” хэмээн твиттер хуудсаараа жиргэж байсан. Тэр нь дүү нь байсан уу гэдгийг хэлэхэд хэцүү ч бас үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан ах, дүү хоёр “Нарантуул”-ынхаа хувьцаанаас болж муудалцаад байгаа бөгөөд энэ асуудлаасаа болоод шүүх цагдаадаа тулсан гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан билээ.

Хөрөнгө мөнгөнөөсөө болж, хоёр тийшээ харсан төрсөн ах дүү хоёр улс төрөөс болж бүр тангараг тасарч магадгүй болсныг ч улс төрийн хүрээнд ярьж байна.  Тойрог мундсан биш, очиж, очиж нэг тойрогт ах дүү хэрэлдэн, тэмцэлдэн өрсөлдөх нь хувь хүн талаасаа ч, ах дүүгийн холбоо талаасаа ч муухай харагдаж байгаа нь үнэний хувьтай

Харин тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа З.Нарантуяагийн хувьд харьцангуй нэр цэвэр хүн.  Ардчилсан намын эмэгтэйчүүд дотроо аль нэг фракцид харъяалагддаггүй,  тэрбээр  Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг зөв гольдролд оруулахад нь чамгүй ажил хийсэн гэж эдийн засгийнхан  дүгнэдэг. Ямар ч байсан “Нарантуул” захын  хөрөнгөтэй боссуудаас илүү мэдлэг, боловсролоор, улсад хийж бүтээснээрээ, олсон туршлагаараа ялгарч магадгүй л юм. Ялангуяа  ах дүү хоёрын хэрүүлээс залхсан завханыхан З.Нарантуяад ам сайтай байгаа энэ үед шүү дээ. Гэхдээ сонгууль болтол зай байна. Завханы 19 дүгээр тойрог хэнийг өөрсдөөрөө төлөөлүүлэхийг харж л байя даа.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж