Автомашингүй өдөр хаагуур зам хаах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Автомашингүй өдөр хаагуур зам хаах вэ?

“Авто машингүй өдөр”-ийг ирэх бямба гаригт зохион байгуулах гэж байна. Энэ жилийн уриа нь “Зөвхөн өнөөдөр биш… өдөр бүр” юм. Нийслэлчүүд жилдээ ганцхан удаа автомашинаасаа татгалзаж, спортын арга хэмжээг дэмжээд өнгөрөх бус өдөр бүр идэвхтэй хөдөлгөөнийг хэвшил болгохыг үүгээр уриалжээ.

Өнөөдөр /2016.06.02/ “Автомашингүй өдөр”-ийн талаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн дарга Б.Бат-Оргил, нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн албаныхан оролцсон юм. Тэдний онцолж буй бас нэгэн уриалга нь “Авто зам дээр ч эдийн засгийн тооцоотой ажиллая” гэдэг дээр төвлөрөв.

Гудамжаар явж буй автомашин бүрт ихэвчлэн ганц, нэгхэн хүн сууж харагддаг. Хүн бүр машиндаа ганцаараа, харин машин бүр нарийхан авто замаар чихцэлдэнэ. Энэ нь нэг талдаа тооцоогүй бодлогын үр дүн хэмээн тэд үзэж байна. Тиймээс иргэд ганц, нэгээрээ ажлаа амжуулахдаа нийтийн тээврийн хэрэгсэл, эсвэл унадаг дугуйг сонгож, хөдөлгөөнтэй байж хэвшихийг эрүүл мэндийн салбарынхан ч уриаллаа. Ирэх бямба гаригт зохиох “Автомашингүй өдөр”-ийн арга хэмжээ нь нэг талаар иргэдийн авто зам дээрх эдийн засгийн тооцоог сайжруулахад чиглэсэн ажил гэв.

Их тойруу доторх замыг хаана

Уламжлал ёсоор энэ өдөр 08.00-18.00 цагийн хооронд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх замыг хааж, эрүүл хэвшилд уриалсан спортын арга хэмжээ зохион байгуулах юм. Тухайлбал, Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл, хойшоо Хүүхдийн урлан бүтээх төв, МУИС, Сансрын тунель хүртэл, урагшаа Элчингийн болон Сөүлийн гудамжуудыг хаахаар болжээ. Ингээд хаасан замд “Улаанбаатар марафон-2016” тэмцээнийг зохион байгуулна. Марафонтой холбоотой мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Өвчлөлийн дийлэнх нь ослоос үүдэлтэй

Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан авто замын ослоос үүдэлтэй гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна. Хүн амын нас баралтын тэргүүлэх гурван шалтгаанд осол, гэмтэл багтжээ. Мөн түргэн тусламж авч буй иргэдийн 14 хувь нь ослоос үүдэлтэй байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 хувь нь зам тээврийн осолд өртсөн байна.

Тэгвэл ГССҮТ-д жилд осол гэмтлээр 3200 орчим хүүхэд эмчлүүлдэг. Түүний 16 орчим хувь нь зам тээврийн ослоос үүдэлтэй гэх судалгаа бий.

Өмнөх жилүүдийн туршлагаас харахад нэг өдөр ч гэсэн автомашинаас татгалзсанаар дээрх үр дүнг мэдэгдэхүйц бууруулдаг хэмээн ЗЦГ-ын УСХ-ийн дарга Э.Бөхбат хэллээ. Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихээс гадна агаарын бохирдлыг ч бууруулах үр дүнтэй хэмээн тайлбарлаж байгаа юм.

Харин энэ өдрөөр хаагдсан замуудын уулзварт спорт, соёл урлаг, хөгжөөнт тоглоом, дугуйн аялал гээд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих арга хэмжээ болох аж. “Автомашингүй өдөр”-ийн арга хэмжээний хөтөлбөрийг зургаас харна уу.

Түүнчлэн энэ өдөр “Нарантуул” ОУХТ, Дүнжингарав худалдааны төв, “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амрах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж