Цуурдах уламжлалыг өвлөн үлдээсэн гавьяатай Ховд аймгийн Дуут сумын харьяат Паарайн Наранцогт гуай цуурын соёлыг хүүхдүүддээ заан сургаж, нутгийн зарим авьяастан түүнээс өвлөн авснаар өнөө бидний үед хүрч, улмаар дэлхийд данслуулаад байгаа ажээ. Цуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий гэр “Өв соёлын өргөө” сургалтын төвийн нээлт өнөөдөр /2016.06.02/ СУИС-ийн Соёлын сургуульд боллоо.
Улсын хэмжээнд цуурыг өвлөн уламжлагч хоёрхон хүн байдаг бөгөөд түүний нэг Паарайн Наранцогтын том хүү Н.Буяндэлгэр “Аав маань анх 1984 онд “Язгуур урлагийн анхны наадам”-д оролцож байсан. Би 13 настайдаа ааваараа цуур хөгжмийг заалгаж байлаа. Би цуур хөгжмийг өөрийн сонсголоороо сурсан юм. Ховд аймгийн Дуут суманд аавын маань олон шавь бий. Зарим нь одоо хүртэл цуураа татаад явж байна. Харин одоо би нутагтаа цуур хөгжмийг зааж, шавь нараа бэлтгэж байна. Цаашдаа цуурыг орчин үетэйгээ зэрэгцэн хөгжүүлснээр илүү хөгжинө гэж боддог” хэмээн өгүүлэв.
Анх 2009 онд Монголын уламжлалт цуур хөгжмийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсний үр дүнд судалгааны хүрээг өргөжүүлэх, уламлжлалт шавь сургалтыг танхимын сургалт явуулах боломж бүрджээ. СУИС-ийн Соёлын сургуулийн танхимын багш С.Юндэнбат “Энэ хөгжмийг гарын таван хуруунд багтахаар тун цөөхөн хүн өвлөж, авсан байдаг. Цуур хөгжим нь модон үлээвэр хөгжим дотроо хоёр давхар өнгө гаргадаг, гуравхан даралттай их гайхалтай, содон эгшигтэй онцлог хөгжим юм” хэмээн тайлбарлалаа.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. “Хүннү цуур” цуурчдын холбооны тэргүүн Б.Наранбат “Манай оронд нийт 28 цуурч байна. Одоо энэ хөгжмөөр суралцаж байгаа 100 гаруй хүн байдаг. Энэ хөгжмийг судалж буй судлаачдын тоо ч жилээс жилд өргөжиж байгаад их баяртай байна” гэв.
Цуур хөгжмийн шавь сургалтаар дамжин өвлөн ирсэн бол одоо танхимын сургалтаар өвлүүлж, хөгжүүлэх боломжтой болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн энэ үеэр цуур хөгжмийн анхан шатны сургалтын гарын авлага, “Монгол цуур” баримтат киноны нээлтийг хийлээ. Цуурын олон улсын анхдугаар симпозиум, наадам энэ сарын 4,5-нд ҮДБЭЧ-ын тайзнаа болох юм байна.
XX зууны эхэн үе хүртэл Алтайн урианхайчуудын гэрийн хойморт шүтээн болон тахигдаж, байсан цуур хөгжмийг дэлхий дахинаа үнэлж, цаашид залуу үе, хүүхэд багачуудад түгээндэлгэрүүлэх үйлс ийн өрнөж эхэллээ.