Японы алдарт “Chacott” брэнд балетын хувцас, хэрэглэл үйлдвэрлэгчдийн дунд нэгдүгээрт бичигддэг, дэлхийд алдартай компани юм. Тив бүрт өөрийн салбартай энэхүү брэнд Монголд тун удахгүй дэлгүүрээ нээж байгаа талаарх мэдээллийг мэргэжлийнхэн болон балетын урлагийг сонирхогч, дэмжигчид талархан хүлээн авсан юм. “Chacott” брэндийг Монголд албан ёсоор төлөөлөх эрхтэй нэг хүн бий. Энэ нь Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг юм. Харин бид энэ удаад “Chacott” компанийн захирал ноён Такаши Ямадатай уулзаж, сонирхолтой яриа өрнүүллээ.
-Таны монголчуудтай холбогдсон түүх , өнөөдөр дэлгүүрээ нээх болсон шалтгаан чухам юу юм бол?
-Хамгийн анх би дөчин жилийн өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, балетмастер Жамьяндагва гуайтай уулзаж байлаа. Тэр үед Японы балетийн урлагийн үндэс суурийг тавигч Комаки Масахи багшаар дамжуулан анхны монгол хүнтэй уулзсан маань тэр юм. Монгол, Японы хамтын ажиллагаа төдийлөн хөгжөөгүй тэр үед Жамьяандагва гуайтай уулзсанаас хойш 2001 он хүртэл би ч бас Монголтой харилцаа холбоо тасраад байлаа. Гэтэл 2001 онд Японд болсон олон улсын балетын тэмцээнд Д.Алтанхуяг түрүүлж, тэр үеэр түүнтэй уулзах завшаан гарсан юм. Анхны уулзсан монгол хүн маань Жамьяандагва гуай байсан бол хоёр дахь нь Алтанхуяг. Японд болсон тэр тэмцээний үеэр Д.Алтанхуяг надад Монголд очиж, балетын урлагийг сонирхоорой гэж хэлж байсан боловч үүнээс хойш 10 жилийн дараа л би Монголд хөл тавьсан юм. Мөн Д.Алтанхуяг “Chacott” брэндийн дэлгүүрийг Монголдоо нээх хүсэлт хэлснээс хойш бас л арван жилийн дараа биеллээ олж байгаа нь энэ юм.
Хоёр жилийн өмнө “Chacott” -ын дэлгүүрийг Монголд нээх яриа албан ёсны байдлаар эхэлсэн боловч тэр үед Н.Алтанхуяг АНУ-д амьдарч байлаа. “Chacott” компани дэлхийн аль ч өнцөгт салбартай. АНУ, Англи, Франц, Испани, Солонгост өөрийн салбартай. Харин одоо шинэ салбар маань энэ зургаадугаар сарын 5-нд Монголд нээлтээ хийх гэж байгаад тун баяртай байна.
-Монгол дахь хамтын ажиллагааны ирээдүйгээ Та хэрхэн харж байна вэ?
-Арван жилийн өмнөхөөс Монгол ихээхэн өөр болжээ. Тэрчлэн хоёр жилийн өмнө дэлгүүр нээх тухай Н.Алтанхуягтай эрчимтэй ярьж байх үед тэрбээр “Монгол маш өөр болсон, та салбараа нээ л дээ” гэж шахаж байсан нь үнэхээр түүний зөв байсныг харж байна. Монголын нөхцөл байдал өөр болж, салбараа нээхэд татгалзах юмгүй болжээ. Арван жилийн өмнөх Алтанхуягийн мөрөөдөл биелэх боломж одоо бол бүрджээ.
-Танд зах зээлийн утгаараа Монгол жижиг харагдаж байж болох ч салбараа нээхээр болсон нь нэг талаараа Монголын балетын урлагийг дэмжиж буй хөрөнгө оруулалт гэж ойлговол болох уу?
-Яах аргагүй “Chacott” бол бизнес юм. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарт байлдан дагуулагч компани гэдэг утгаараа бизнесээ үргэлж өргөжүүлэх ёстой. Гэхдээ Монголын балет нь Японы балетын хөгжлийг бодвол илүү урт түүхтэй. “Chacott” компанийн үндэс суурь 66 жилийн өмнө тавигдсан боловч 38 жилийн дараа буюу ердөө 10-15 жилийн өмнөөс үйл ажиллагаа нь өнөөдрийн хэмжээнд хүртлээ өргөжин томорсон юм. Бид үргэлж том байгаагүй, жижиг байсан үе бий. Японы эдийн засаг ч мөн адил буурай доройгоос өдийг хүрч хөгжсөн. Тийм болохоор бидний урьд өмнө туулж ирсэн зам одоо Монголын өмнө байна гэж харж байна.
Монголд хоёр хоногийн өмнө ирээд дэлгүүрээ нээх тухай хөөцөлдөж явахдаа үүнийг анзаарч байлаа. Бүх юм жижгээс эхэлж, цааш хөгжиж томорч явдаг. Дэлгүүрт маань ажиллах гэж байгаа хүмүүс бүгд чинхүү эрмэлзэлтэй байлаа. Монгол бага багаар урагшилсаар Япон шиг өндөр хөгжилд хүрэх ирээдүй ойрхон байна.
-Таны яриан дунд нэг сайхан үг сонсогдлоо. “Монголын балетын урлаг Японыхоос илүү түүхтэй” гэж та хэллээ. “Chacott” компани энэ салбарт үйл ажиллагаа явуулж ирсний хувьд балетын урлагийг дэмжигч, хөрөнгө оруулагч байж таарна. Энэ үүднээсээ Монголын балетын урлагийн талаар ямар бодолтой явдгаа хуваалцаач.
-Хорьдугаар зууны дөчөөд оны дундуур Комаки багш Францаас Японд ирж балетын урлагийн эхлэлийг тавьсан юм. Тэр үед дайн дуусаад удаагүй тарчиг хэцүү цаг үе, хүмүүс энэ урлагийн талаар мэдлэггүй байсан үе. Тэр үеэс энэ яриа эхлэх болов уу. Японд Комаки багш ирж байх тэр үед Монголд дуурийн теарт баригдаж эхэлж байсан юм. Монголд театр олон жилийн түүхтэй бол Японд ийм театртай болоод 18-19 жил л болж байна уу даа. Монголын балетын урлаг урьд нь Оросын урсгалаар хөгжиж ирсэн. Хориод жилийн өмнөх уналтын үеэс хойш миний мэдэх Д.Алтанхуяг, Б.Батболд нарын үед илт дээшээ сэргэн гарч ирснийг би өөрийн нүдээр харж байна.
Японд балетын олон студи байдаг ч үндэсний сургууль, үндэсний театр байхгүй. Үүгээрээ манай хоёр орны балетын түүхийн ялгаа харагдах байх.
-“Chacott” компани 66 жилийн өмнө байгуулагдсан гэхээр харьцангуй залуу компани юм. Гэр бүлийн энэ компани хэрхэн яаж үүссэн нь бараг саяхны түүх учраас Та энэ талаар тун сайн мэдэх болов уу?
-Японд дайн дуусч, Хятадаас цэргээ татаж ирээд удаагүй байсан тэр хэцүү цаг үед Комаки багш эх орондоо балетын урлагийг хөгжүүлж эхэлж байх тэр үед би түүнтэй уулзаж танилцаж байлаа.
Урьд нь Оросоос болон Европын зарим улс орнуудаас балетын бүжигчид ирж тоглолт хийдэг байсан ч анхны бүтэн үзэгдэлт жүжгийг Японд тавьж үзэгчдэд таниулсан хүн нь Комаки багш юм. Тэр үед Цүчияа Макото гэдэг хүн 20 настай байлаа. Тэр үед том дэлгүүр гэж байсангүй. Жижигхэн худалдааны мухлагтаа сууж байсан Цүчияа Макото балетын модон шаахай буюу каскиг анх тэнд харсан байдаг юм. Гадны нэг бүжигчин каскигаа барьж ирээд “ийм гутал байна уу” гэж асуугаад “байхгүй” гэдэг хариу сонсмогцоо өнөө урагдаж муудсан шаахайгаа түүний мухлагт тэр чигт нь орхиод явчихсан юм билээ. Тэр модон шаахай тэр үедээ бидний өмсдөг энэ гуталтай ижилхэн үнэ хүрэхээр эд байсан тул Цүчияа Макото “энэ ямар шидтэй эд вэ, яг юунд хэрэглэдэг юм бол гэж их гайхсан гэдэг. Тэгээд “Би ийм гутал хийж чадах юм биш үү? Хэрэв үнэхээр хүнд хэрэгтэй эд юм бол хийгээд үзье” гэж боджээ.
-Цүчияа Макото гэж тэр хүн хэн байв. Таны юу юм бэ?
-Ээжийн минь охин дүүгийн нөхөр байсан юм. Энэ хүн “Chacott”-ыг нээсэн тэр жил би төрсөн юм. Бид хоёр нас чацуу л даа. Комаки багш бүтэн балетын жүжиг тавьж эхэлж байсан тэр үед Цүчияа Макото гуай Комаки багшаас “энэ юу вэ” гэдгийг асуухаар нөгөө модон шаахайгаа барьсаар анх очжээ. Тэгэх үедээ купальник өмссөн бүжигчин охид бүжиглэж байхыг анх хараад гайхаж, “Ямар гоё юм бэ, ямар сонин юм бэ” гэж дуу алдаж байж. Комаки багшийн сургуулийн охид бэлтгэл хийж байхыг нь өдөр бүр очиж харж, өнөөх модон шаахайг би яаж хийх вэ гэж боддог байсан гэдэг. Бүх зүйлийг тэрбээр өөрөө сурч олон дахин ухаж үзэж оролдсоор каскиг хийж байсан түүхтэй юм.
-Тэгэхээр түүнд хэн ч каски хийхийг зааж өгөөгүй хэрэг байх нь ээ?
-Анх зөвхөн каски л хийсэн байгаа юм. Дараа нь бүжигчин охидын купальникийг хийх санаа төржээ. Тэр үед даавуун материалыг нь өөр үйлдвэрлэгчээс авч байсан л даа. Олон материал үзэж явсаар бэлтгэлийн купальникт таарах материал олж байсан гэдэг. Тэндээс л бүх юм эхэлсэн дээ. Эхлээд ханцуй, мөргүй купальник хийж, цээжин хэсгийг доош унагахгүйн тулд нарийн уяа гарган түүнийг нь хүзүүнийхээ ард уяж зангиддаг загварыг анх бий болгосон түүхтэй. Яагаад гэхээр тэр үед суналттай даавуу олдоогүй учраас түүгээр хийсэн купальник нь бүжигчдийн хөдөлгөөнд саад болоод байсан тул тийнхүү ханцуй мөргүй, дан цээж хийхээс аргагүй байж л дээ.
“Chacott” анхны 15 жилд зөвхөн каски хийж байгаад дараа нь купальник хийж эхэлсэн л дээ. “Chacott” байгуулагдсанаас 20 жилийн дараа би тэнд үйлдвэрийн ажилчин болж орж байв. Би “Chacott”-ын 20 жилийн босгон дээр анх ажилтнаар орохдоо “Дараах 20 жилд загвар дизайн үйлвэрлэгч болно” гэж зорилго тавьсан юм. Хорь, хорин жилээр, өдөр өдрөөр урагш ахиж байж өнөөдрийн брэнд “Chacott”-ыг босгосон байна. Бүх зүйл нэг өдөр босдоггүй. Би“Chacott” -ын 20 жил дээр анх орж ирснээс хойш 40 дэх жилдээ энэ дэлгүүртээ ажиллаж байна. Бизнесийн хувьд хамгийн чухал шийдвэр маань гэвэл “Chacott” бүр илүү өргөжүүлье гэдэг эрмэлзлээр Японы ONWARD гэдэг хувцас загварын компанитай хамтран ажиллах гэрээг байгуулсан явдал байлаа. Үүний дараагаас бид үйл ажиллагаагаа бүр өргөжүүлж өнөөдрийн амжилтад хүрсэн юм.
-Та бүхэн өнөөдөр зөвхөн балетын хувцас хэрэглэл гэлгүй олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өөрийн гэсэн технологи эзэмшигч болжээ. Гэхдээ миний хувьд загвар бүтээгч гэдгээрээ илүү сонирхолтой. Танай брэнд балетын бэлтгэлийн хувцаснаас эхлээд тайзны хувцсыг бүтээдэг. Өдөр тутмын хувцасны загвар жил, сар, өдөр, цагаар шинэчлэгдэж байдаг бол балетын бүжгийн хувцасны загвар ямар чиг хандлагаар хөгждөг юм бол?
-Бид 1999 оноос хамтарч ажилласан ONWARD компани яг загвар үйлдвэрлэгч компани байсан юм. Энэ утгаараа бид тэр үеэс өөрийн үйл ажиллагаанд загвар, дизайны чиг хандлагыг түлхүү оруулж ирсэн л дээ. Танд тэр хувцсыг хармагц өмсч үзэх хүсэл төрж байна уу? Хэрэв тийм бол энэ нь загварын ид шид юм. Гэхдээ ийм хормойтой хувцастай бэлтгэл, бүжиг хийх хэцүү шүү дээ. Ийм учраас би “Chacott”-д ажилласан хугацаандаа эхний үед загварыг биш хүнийг илүү бодож ажилласан. Аль болох сайн материал, аль болох сайн каски, аль болох биед зөв эвтэйхэн байхыг би гол философио болгож байсан. Чанарын төлөө би хорин жил ажилласан юм. Манай компанийн үйлдвэрлэсэн материал бий, гэхдээ бид бусад үйлдвэрлэгчид захиалгаа өгч материалаа бэлтгэдэг. Эхлээд зөвхөн балетын хувцасны брэнд гэдгээр танигдсан боловч өдгөө балет, иога, фитнесс, цэнгээнт бүжгийн хувцас хэрэглэл хийдэг.
Тайзны хувцасны хувьд захиалга ирүүлсэн театрын захиалгаар бид загварын хувцсыг оёдог. Театрын захиалгаас гадна Японд ажилладаг балетын сургуулиудад бид олон загварын хувцсыг түрээсэлдэг. Тэдгээр сургуулийн тайлан тоглолтод жилдээ 30 мянга гаруй нэр төрлийн хувцас хэрэг болдог ба үүнийг бид түрээсэлдэг.
-Ингэхэд таны мэргэжил юу вэ?
-Надад мэргэжил эзэмших бололцоо олголгүйгээр гэрийнхэн маань шууд л “Chacott”-д орж ажилла гэсэн шүү. Арван жилийн сургуулиа төгсмөгцөө л эндээ ажилласан. Харин энэ жил ажлаа дараагийн хүндээ хүлээлгэн өгнө дөө.
Уг нь би 65 настайдаа буюу түрүү жил ажлаа өгч тэтгэвэртээ суух ёстой байсан боловч ямартай ч Н.Алтанхуягт дэлгүүр нээж өгснийхөө дараа ажлаа хүлээлгэн өгөхөөр шийдсэн юм. Монголоос өөр нэгэн хүн дэлгүүрийн салбар нээх хүсэлт тавьж байсан ч би Д.Алтанхуягаас өөр хүнд зөвшөөрөхийг хүсээгүй юм. Монголынхоо балетын урлагийг хөгжүүлэх, хүүхэд багачууддаа энэ урлагийн сайхныг таниулах гэсэн хүсэл эрмэлзлийг нь би үнэлдэг учраас түүнтэй л хамтарч ажиллахыг хүссэн юм.
-Сүүлийн асуулт. Чакотт гэдэг нэр ямар утгатай юм бэ?
-Үүсгэн байгуулсан Цүчияа Макото гэдэг хүний нэрийн товчлол юм. Цүчияа гэдгээс “ЧА”, Макатогийн “КАТО” гэдгийг авч холбоод гадаад хэл дээр хялбар дуудагдах байдлаар ялимгүй өөрчлөн Chacott гэдэг нэрийг анх өгчээ. Компанийн түүхийг яривал бүтэн өдөр зарцуулах болно шүү. Өнөөдөр манай компани маш том болсон. Анх намайг ажилд ороход тэнд тавхан хүн ажиллаж байсан. Бид загвараа өөрсдөө гаргана, өөрсдөө оёно, өөрсдөө хэрэглэгчдэдээ хүргэж өгнө, тийм л байлаа. Харин одоо миний ажлыг хүлээж аваад компаниа цааш нь удирдах чадалтай залуучууд олон бий.
З.БОРГИЛМАА