Германы өмнөд хэсэгт үерийн усны түвшин нэмэгдсээр гамшгийн хэмжээнд хүрч онц байдал зарлахад хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн орсон аадар борооны улмаас Германы Бавари муж үерт автсан байна. Германы аврах албаныхан гэнэтийн үерт нэрвэгдсэн оршин суугчдыг нисдэг тэргээр зөөвөрлөн хорогдох газруудад хүргэж байгаа аж. Одоогоор үерийн гамшигт хүний амь эрсдэж, гэмтэж бэртээгүй байна. Үерийн усны хэмжээ зарим газарт метр давжээ. Германы цаг уурын албаныхны мэдээлснээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох тул үерийн гамшиг улам нэмэгдэхийг анхааруулсан байна. Үерийн гамшиг хөрш Австри, Францад ч багагүй хохирол учруулжээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА