Монголын ахмад сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн Сааралын Мөнхцэрэн нь 2011 оны долдугаар сарын 04-нд зуурдаар таалал төгсч бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. С.Мөнхцэрэн 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1968 онд нийслэлийн 10 жилийн 33-р дунд сургууль, 1983 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, хэвлэл мэдээллийн байгууллагад 30 шахам жил тасралтгүй ажиллаж Монголын сэтгүүлзүйд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад сэтгүүлч байсан юм.
1983-1986 онд Монголын Радио, Телевизийн Улсын Хорооны МОНЦАМЭ агентлагт сурвалжлагч, редактор, 1987-1989 онд Монголпресс агентлагийн “Цаг үе” сэтгүүлд редактор, тоймч, 1989- 1996 онд Монголын үндэсний телевизийн “ММ” агентлагт тоймч, ерөнхий редактор, захирал, 1996-2000 онд МАХН-ын Удирдах Зөвлөлд хэвлэл, мэдээллийн албаны ажилтан, 2000-2004 онд” ММ “ агентлагийн захирал, 2004-2007 онд “Үндэсний цаг” студийн захирал, 2007-2008 онд “Ийгл” телевизийн мэдээллийн албаны дарга, 2008 оноос өнөөг хүртэл УИХ-дахь МАН-ын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байлаа.
С.Мөнхцэрэн 1995 онд Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн шилдэг сэтгүүлчийн шагнал хүртэж, 2000 онд телевизийн шилдэг редактораар шалгарч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал хүртсэн.
Монголпресс агентлагийн “Цаг үе” сэтгүүлд 1987-89 онд ажиллах үеэсээ өөрчлөн байгуулалтын үзэл санааг олон нийтэд таниулах үйлсэд зохих хувь нэмэр оруулсан, нэртэй сэтгүүлч байсан юм.
С.Мөнхцэрэн нь 1992 оноос эхлэн телевизийн 7 хоног тутмын “Цагийн төрх” мэдээллийн хөтөлбөрийг санаачлан, хөтлөгч, тоймч, редактораар нь ажиллаж байсан олны хүндэтгэл хүлээсэн сэтгүүлч хүн юм. Тэрбээр улс орны төдийгүй гадаадын улс оронд өрнөж байсан өөрчлөн байгуулалтын үйл явцын талаар байнга мэдээлж, тойм боловсруулан бэлтгэж байсан нь үзэгчдийн талархал хүлээж байлаа.
“Ийгл” телевизийн мэдээллийн албаны даргаар 2007-2008 онд ажиллахдаа уг телевизийн хөтөлбөрт “7 хоног” тойм, “Үзэгчийн цаг” зэрэг нэвтрүүлэг, хөтөлбөрийг санаачилсан юм.
С.Мөнхцэрэнгийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар, 2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн” цолоор болон Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнасан юм.
С.Мөнхцэрэн МҮОНТ-ийн “ММ” агентлагийн захирал, ерөнхий редактор, тоймчоор ажиллахдаа 1990 оноос Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдан гарсан хууль, тогтоомжийг сонгогч олон түмэнд тоймлон хүргэх ажлыг тасралтгүй 18 жил хийж гүйцэтгэж байсан. Улмаар 2008 оноос УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны зөвлөхөөр ажиллах хугацаандаа УИХ-аас гаргасан шийдвэрийг олон түмэнд таниулан сурталчлах ажлыг хариуцан нэр төртэй хийж байлаа. С.Мөнхцэрэн нь хамт ажиллаж байсан хамт олон, найз нөхөддөө үлгэр дууриал болсон уян зөөлөн зантай, нөхөрсөг тусч хүн байлаа. Хийсэн ажил, хэлсэн үгэндээ эзэн болж бусадтай эвтэй найрсаг хандаж ирсэн түүнийг хамт ажиллагсад болоод найз нөхөд, Монголын сэтгүүлчид, үзэгч түмэн хэзээ ч мартахааргүй дурсан санаж явах болно.
Ум сайн амгалан болтугай.
2011.07.04.