Монголд оюутны ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Монголд оюутны ДАШТ эхэллээ

Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. Тэмцээний нээлтийн ёслол 17.00 цагаас болох бөгөөд зургадугаар сарын 1-5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх юм. 

Монгол Улс анх удаа зохион байгуулж буй тэмцээнд 23 орны 250 орчим тамирчин оролцож байна. Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯам, БСШУЯ, БТСХТөв, НЗДТГазар, МОСХолбоо, Байт харвааны холбоод хамтран явуулж байгаа юм.


Монголчууд бид эртнээс сур харваагаар хичээллэн, өрсөлдөж, энэ спорт нь эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжиж ирсэн эртний түүхийн уламжлалтай. Үндэсний сурын спорт дээр тулгуурлан манай оронд байт харвааны спорт хөгжөөд 60 орчим жил болж байна. Монгол улсаас олимпийн спортын энэ төрлөөс 1971 онд анх удаагаа эмэгтэй харваач Д.Дэмбэрэл Английн Лондон хотноо 30 метрийн харваанд “дэлхийн аварга”гэсэн цолыг энэ спортын төрлөөс хүртсэн түүх бий. Түүнчлэн 2008 оны Бээжингийн Пара олимпийн их наадамд Д.Баатаржав анхны аварга тамирчин болсон.

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮМҮҮС ТЭМЦЭЭНИЙГ УДИРДАНА

Тэмцээнийг ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Хятадын Тайваны иргэн Чен Тай Чен ирж удирдахаар олон улсын байгууллагаас томилогдсон юм. Мөн ОУОСХ-ны байт харвааны техникийн комиссыг Испаний иргэн, Олимпийн аварга Хуан Карлос, мандатыг комиссыг БНХАУ-ын иргэн Донг Шианхуа, эмнэлгийн комиссыг БНСУ-ын иргэн Вэнг Линг Эй нар ирж удирдана. ОУОСХ-ны нарийн бичгийн дарга нарын газраас 1 ажилтан, 2 хэвлэлийн төлөөлөгч Улаанбаатар хоноо ирнэ.

Тэмцээнийг Олон улсын байт харвааны холбооны олон улсын 4 шүүгч (Испани, Бразил, Энэтхэг, Сингапур ) ирж талбай дээрх техникийн үйл ажиллагааг удирдах ба Итали улсын 2 техникийн ажилтан тэмцээний оноолт, дүнгийн системийг ажиллуулахаар болжээ. Дотоодын 25-30 шүүгч тэмцээн дээр туслан гүйцэтгэгчээр ажиллана. Мөн олон улсын 10 гаруй сэтгүүлч нар тэмцээний үеэд ирж энэ тэмцээнийг олон улсад сурталчилна.

БАЙТ ХАРВААНЫ ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНИЙ ТҮҮХ

Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Байт харвааны тэмцээн анх 1996 онд Франц улсад зохиогдож ОУОСХолбооны төлөвлөгөөний дагуу 2 жил тутамд өнөөдрийг хүртэл нийт 10 удаа зохиогдож ирсэн 20 жилийн түүүхтэй тэмцээн юм. Энэ тэмцээн зохиогдож байсан хугацаа, орон, хот, оролцсон орон, хүмүүсийн тоог доорх хүснэгтээс харна уу. 

МОНГОЛЧУУД БАЙТ ХАРВААНЫ ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГАД

Монголын оюутны спортын холбоо өөрийн оюутан тамирчидаа анх удаа 1996 онд Франц улсын Валулх-Эн-Вэлин хотноо зохиогдсон оюутны ДАШТ-д тамирчин Ю.Нямдорж, дасгалжуулагч С.Туул нарын хоёр хүнийг оролцуулж байсан түүхтэй. Түүнчлэн манай тамирчид Тайландад 2002, Хятадын Тайваньд 2008,  Испанид 2012, Польшид 2014 онд 5 удаа оролцсонтүүхтэй юм.

Монголын тамирчид 2012 оны Испани улсын Гордоба хотод зохион байгуулагдсан Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаараа оролцож хувийн шигшээ харваанд ОУХМ А.Энхтуяа 9-р байранд шалгарсан ба 2014 онд Польшийн Легница хотноо болсон тэмцээний рекурв харвааны холимог хосын төрөлд шагналт 4 байрт оролцож байсан амжилтыг үзүүлсэн. Түүнээс гадна Монголын байт харвааны тамирчид дэлхийн оюутны Универсиад наадамд БНСУ-ын Дэгүд 2003, Гванжу хотноо 2015 онд хувийн болон багийн төрөлд амжилттай оролцон шилдэг 16 тамирчинд  орж байлаа.

ТЭМЦЭЭН ХЭДЭН ТӨРӨЛД БОЛОХ ВЭ?

Улаанбаатар хотноо болох дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээн нь Компаунд болон Рекурв хоёр төрөлд болно. Төрөл бүр нь: Ганцаарчилсан, баг, холимог хосын тэмцээний төрлүүдээс бүрдэж байна. Иймээс дөрвөн өдрийн туршид үргэлжилэх энэ тэмцээнд 60 медаль олгогдоно.

ТЭМЦЭЭНИЙ ОНЦЛОГ

Монгол улсад дэлхийн хэмжээний байт харвааны тэмцээн анх удаагаа болж байгаагаараа энэ тэмцээн чухал онцлоготой. Монгол улсын үндэсний уламжлалт сурын спортыг дэлхий нийтийн орчин үеийн байт харвааны спорттой холбон хөгжүүлж, сурталчилах ажил явууулахаараа бас нэгэн чухал ач холбогдолтой болж байна. Тэмцээний шигшээ харваа олон нийтэд нээлттэй  анх удаагаа Чингисийн талбайд явуулахаараа онцлог гэж зохион байгуулагч нар үзэж байна.  Манай эх оронд зохиогдож байгаа энэхүү тэмцээн нь хамгийн сүүлчийн оюутны ДАШТэмцээн гэдгээрээ бас нэг онцлог нь илэрч байна. Мөн РИО- 2016 олимпоос яг 2 сарын өмнө зохиогдож байгаа тул олимпын эрх авсан дэлхийн олон шилдэг залуу харваачид Улаанбаатарын дэвжээнд ирж онч мэргэнээ сориж Монголын үзэгчдийн мэлхийг мялаахаараа бас нэг онцлог болж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж