–Ази, Европ тивийг заагладаг Босфорын хоолойгоор дамжин өдөртөө хоёр тивд зочлох нь жуулчдын анхаарлыг ихэд татах болжээ. Түүх, соёлын хосгүй өвүүд, орчин үеийн өвөрмөц зочид буудлууд, далайн эрэг дээрх хоолны газрууд, худалдаа үйлчилгээний томоохон төвүүд гээд Туркийн аль ч хотод очсон жуулчдын сонирхох зүйл их бий–
Нэгдсэн Үндэсний байгууллага /НҮБ/-ын ивээл дор Дэлхийн хүмүүнлэгийн анхдугаар Дээд хэмжээний уулзалтыг тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Туркийн Истанбул хотод зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтад дэлхийн 125 гаруй орны 193 төлөөлөгч оролцсоны дотор дэлхийн 50 орны өндөр албан тушаалтнууд багтсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Мүүн, Туркийн Ерөнхийлөгч Режен Таийп Эрдоган, Германы Канцлер Ангела Меркель, Кувейтийн хаан Эмир Аль-Жабер Аль-Сабах, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Украины Ерөнхийлөгч Петро Порошенко болон Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили, БНСУ-ын Ерөнхий сайд Хванг Кё-ан нарын төрийн тэргүүн, өндөр албан тушаалтан байлцлаа.
Сунжирсан хямрал, дүрвэгсдийн давалгааны эсрэг авах арга хэмжээнээс гадна тогтвортой, найдвартай хүмүүнлэгийн санхүүжилтийн талаарх асуудлуудыг уг уулзалтаар хэлэлцсэн юм.
Хэдийгээр байгалийн гамшгаас болж, олон хүн амь эрсдэж, шилжилт хөдөлгөөн бий болдог ч өнөөгийн хүмүүнлэгийн хямралын дийлэнх нь улс төрийн зөрчилдөөнөөс улбаатай байна. Үүний тод жишээг гадны тусламжтайгаар өөрийн улсын гэмгүй иргэдийг хороох Сирийн алан хядагч нараас харж болно. Сириэс гадна Ойрхи Дорнод, Ази, Африк зэрэг дэлхийн өнцөг булан бүрт хүмүүнлэгийн хямрал хил дамнан газар авлаа. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 125 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгааг НҮБ-аас онцлон тэмдэглэсэн юм.
ТУРК ХАМГИЙН ОЛОН ДҮРВЭГЧ ХҮЛЭЭН АВСАН ОРНУУДЫГ ТЭРГҮҮЛЭВ
Өнөөдөр Турк Улс хүмүүнлэгийн томоохон хандивлагч улс болохоос гадна гурван сая дүрвэгч буюу дэлхийн аль ч улс орноос илүү олон дүрвэгсдийг хүлээж аваад байна. Үүний гол шалтгаан нь Сири дэх дайн юм. Эдгээр дүрвэгсдэд хоргодох байр, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад нэн шаардлагатай тусламж, сургууль, мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах зэрэг ихээхэн хэмжээний санхүүгийн чадамж шаардсан ачааг Турк Улс дангаараа үүрч иржээ.
ӨДГӨӨ ТУРК УЛС:
Хамгийн их хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн орны жагсаалтын III байрт бичигдсэн.
Тус улсын үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжууд сүүлийн 12 жилд 42 дахин нэмэгдсэн.
Хамгийн олон дүрвэгч хүлээн авсан жагсаалтыг гурван орчим сая дүрвэгсдийнхээ тоогоор тэргүүлжээ.
Зайлшгүй арга хэмжээ авах шаардлага тулгарсан энэ цаг үед Турк улс хүмүүнлэгийн тусламжийн талбарт үлгэр жишээ болж олон улсын нийгэмлэгүүдийг тусламжийн гараа сунгахыг уриалсан анхдугаар Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг авах гол хөшүүрэг болсон байна.
ЭРДОГАН: БИД ГУРВАН САЯ ДҮРВЭГСДЭД БҮХ ТАЛЫН ТУСЛАЛЦААГ ҮЗҮҮЛНЭ
Энэхүү уулзалтын үеэр Бүгд Найрамдах Туркийн улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган хэлэхдээ “Дэлхий дахинаа өнөөдөр 125 сая хүнд хүмүүнлэгийн тусламжийг нэн тэргүүнд үзүүлэх шаардлагатай байгаа бөгөөд зөрчилдөөн, мөргөлдөөний улмаас жил бүр 60 сая хүн дүрвэхэд хүрчээ. Иймд бид гурван сая гаруй дүрвэгсдэд бүх талын туслалцаа үзүүлэхээ илэрхийлж байна. Бусад улсыг хүмүүнлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалж байна.” гэсэн юм.
НҮБ-аас анх удаа зохион байгуулсан энэ удаагийн уулзалтад дэлхийн 125 гаруй орны төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд,
Мөргөлдөөн, хүчирхийлэл, хямралыг зогсоох, урьдчилан сэргийлэхэд улс төрийн нөлөөлөл оролцоог хүчтэй болгох
Зэвсэгт тулгаралтын үед хүн ам болон нийгмийн байгууламжуудыг хамгаалах, хүмүүнлэгийн тухай олон улсын хуулийг мөрдүүлэх.
Мөргөлдөөн ба байгалийн гамшгийн улмаас хүнд аюултай нөхцөлд орсон бүх хүмүүст хүрч туслах.
Тэднийг дутагдал, гачигдлаас гаргахын тулд үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэх
Хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхэд улс орнуудын Засгийн газар ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан уялдуулах асуудалд гол анхаарлаа чиглүүлэх талаар ярилцсан юм.
АСЕМ-ИЙН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫН ТАЛААР ЯРИЛЦАВ
НҮБ-аас байгууллагаас зохион байгуулсан Дэлхийн хүмүүнлэгийн анхдугаар Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын өмнө хоёр орны төрийн өндөр албан тушаалтнуудын уулзалт болжээ. Энэ удаагийн уулзалтад Монгол улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцсон юм. Тэрбээр уулзалтын өмнө ирэх VII сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангахад Турк улстай хамтран ажиллах асуудлын талаар Туркийн Гадаад хэргийн яамны Кавказ, Төв Ази, Орос, Дорнод Европын Ерөнхий газрын дэд захирал, ноён Гөкхан Турантай ярилцжээ. Мөн тэд тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн хамтарсан хорооны хуралдааны шинэ товын талаар санал солилцсон байна.
УЛСАА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГИЙГ АНКАРАД ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дэлхийн хүмүүнлэгийн анхдугаар Дээд хэмжээний уулзалт болохын өмнө буюу тавдугаар сарын 19-ний өдөр Туркийн Анкара дахь Цэргийн академид “Улсаа сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулжээ. Тус өдөрлөгт Анкара дахь ЭСЯ-ны консул Л.Энхцолмон оролцсон байна. Энэ өдөр Турк улсын Зэвсэгт хүчний Явган цэргийн командлагч, хурандаа генерал Салих Зэки Чолак болон албаны хүмүүст Монгол улсаа сурталчлан таниулжээ. Энд нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд тус улс дахь цэргийн академид Монголын есөн сонсогч суралцаж байгаа юм байна.
ГАЙХАМШИГТ АРХИТЕКТОРЫН БҮТЭЭСЭН УРАН ХИЙЦТЭЙ СҮМ, МУЗЕЙ БОЛ ИСТАНБУЛ ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ИЛТГЭНЭ
Ази, Европ тивийг холбосон улс гэдгээрээ Турк улс өдгөө дэлхийн аялал жуулчлалын хамгийн томоохон төвийн нэг болоод байна. Эртний соёл иргэншлийн түүхийг авч үлдэж чадсан нь туркчуудын нэг бахархал юм. Өдгөө Туркийн хүн ам 80 орчим саяд хүрчээ. Хүн амын 90 гаруй хувь нь исламын шашинтай ч цөөн тооны христийн шүтлэгтнүүд байдаг байна.
Эртний барилга, цайзууд, исламын сүм хийд ихтэй Турк улсад очсон хэн бүхэн Султан ахмедийн сүм, Аяа София музей, Киз Кулеси охидын сүм, Топкапи ордон, Босхорус гүүр зэрэг алдартай газруудаар заавал зочилно.
Ази, Европ тивийг зааглах Босфорын хоолойгоор дамжин өдөртөө хоёр тивд зочлох нь жуулчдын анхаарлыг ихэд татах болжээ. Түүх, соёлын хосгүй өвүүд, орчин үеийн өвөрмөц зочид буудлууд, далайн эрэг дээрх хоолны газрууд, худалдаа үйлчилгээний томоохон төвүүд гээд Туркийн аль ч хотод очсон жуулчдыг татах зүйл их бий.
Туркийн хамгийн том хот нь Истанбул. Өдгөө тус хотод 20 сая орчим иргэн амьдарч байна. Эртний Византийн нийслэл Константинополь хот Османы эзэнт гүрэн эзлэгдэн Истанбул гэгдэх болсон тус хот өнөөдөр олон жилийн түүхийг хадгалж чадсанаараа алдартай юм. Тус хотод жилд 12 сая жуулчин ирдэг байна. Өөрийн орны уламжлалт соёл, онцлох шинж чанаруудыг харуулах бодлого Истанбулд шингэсэн учраас тус хотыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгджээ. Өдгөө Туркийн хамгийн их хүн амтай хотын нэгээр тооцогддог, улсынхаа эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг Истанбул хот дэлхийн хурдацтай хөгжиж буй хотын нэг болоод байна. 2500 гаруй жилийн түүхтэй Истанбул хот далайн тэнгис, эх газар хосолсон стратегийн чухал байршлаас өнөөгийн олон улсын худалдааны төв, дэлхийн томоохон хотын нэг болжээ. Тус хот Ром, Визант, Османы эзэнт гүрнүүдийн нийслэл хот байсан бөгөөд 1600 гаруй жилийн туршид олон эзэн хаан, султанууд ноёрхон захирч байсан гэдгээрээ алдартай. Тиймээс Истанбул хотод Султанахметийн сүм, Гэгээн Софийн музей, Топкапы ордон, Базиликийн усан сан, Анатолий цайзууд зэрэг маш олон агуу бүтээл бий. Истанбул хотын дүүргүүдийг хүн төрөлхтөний үнэт эрдэнэ болсон ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэн аваад байна.
Гайхамшигт архитекторын бүтээсэн уран хийцтэй сүм, музейгээс эхлээд олон улсын урлаг, соёлын гол төв болж, аялал жуулчлалын гол төв болсон Истанбулын араас нийслэл Анкара болон Алталя, Измир хотууд орно.
Европын соёлын нийслэл болсон Истанбул хотоор та ч бас зочлоорой.