“Ажлаа эхлэхгүй бол гэрээг цуцална”

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

“Ажлаа эхлэхгүй бол гэрээг цуцална”

Зам, тээврийн сайд М.Зоригт уржигдар (2016.05.31) Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллаад иржээ. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажлыг гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзаж, зам барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, ажлаа хугацаанд нь эхлүүлээгүй “Хансуун зам” компанид хариуцлага тооцохоор болсон байна. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажлыг нийт 5 багц болгон, 5 компани ажиллаж байгаа бөгөөд “Хансуун зам” компанийн хувьд 13 км замын ажлыг хариуцаж буй юм.

Зам, тээврийн сайд М.Зоригт “Нийт 143 км зам барилгын ажлын газар шороо далангийн ажил өнгөрөгч намар гэхэд 100 хувь хийгдсэн байсан. Энэ жил Зам тээврийн яамнаас  зам барилгын ажлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-нд орон даяар нэгэн зэрэг эхлүүлсэн байтал “Хансуун зам” компани одоо болтол ажлаа эхлээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.  Энэ компанийнхан тавдугаар  сарын 15 гэхэд ажилдаа гарна гэсэн төлөвлөгөө батлуулсан мөртлөө өнөөдрийг хүртэл ажил нь эхлээгүй байна.

Тиймээс яамнаас  зургадугаар сарын 25-н гэхэд замын ажлаа дуусга гэдэг үүрэг өгсөн. Уг нь 13 км замын ажилд өнгөрөгч өвөл хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан буталсан суурь чулуун суурийн нягтруулалтаа хийгээд хучилтаа хийчихвэл замын ажил нь дуусах юм. Яг өнөөдрийн байдлаар зам барилгынхаа талбайд ирсэн хүн алга.  Маргаашдаа багтаж талбайдаа ирээгүй, ажил эхлээгүй байвал энэ компанийн гэрээг цуцлах, цаашилбал тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох асуудал ч ярих болно” гэж мэдэгджээ.

Тус компанийн ажил урагшилсан эсэх талаар бид эргэн мэдээлэх болно.

А.АЯЛГУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж