Тэтгэврийнхнийг бүү бас

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Тэтгэврийнхнийг бүү бас

Тавдугаар сарын 31-ний Мягмар гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас тэтгэврийн хэмжээг 2016 оны оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, ахмадуудын магнай тэнийлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр энэ сараас эхлэн 21 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоожээ.

Хямрал, хямрал хэмээн хаа сайгүй ярьж байгаа ч тэтгэврийг бага боловч нэмсэн нь ахмадуудад эх үрсийн баярын сюрприз болсон гэж хэлж болно. Нэг гэрийн хоёрын тэтгэвэр 42 мянган төгрөгөөр нэмэгдэж, сарын турш цайны сүүгээ авахад хүрэлцэхүйц нэмэгдэл авч эхэллээ. Өр зээлтэй хүмүүсийн хувьд ч сар тутам 21 мянган төгрөгийг илүү төлж, зээлээ төлөвлөсөн хугацаанаасаа нэг сарын өмнө төлөх боломж нээгдэж байна гэсэн үг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг урьд нь 2014 он, 2015 онд тус бүр 20-22 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан бөгөөд энэ удаад 21 мянган төгрөгөөр нэмснээр манай улсын ахмад настнуудын дундаж тэтгэврийн хэмжээ 306.2 мянган төгрөг болж байгаа ажээ. Үүнд ахмад настнууд баяртай байна. Хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай, төгрөг мөнгө нь хүрэлцээ муутай ч тэтгэвэр нэмсэнд талархсан ахмадууд ийн өгүүлжээ.

…21000 төгрөг амьдралд нэмэр болно шүү дээ, чамлахаар чанга атга гэдэг. Боломж нь ийм байгааг ойлгож байна.  

…Сар тутам 21 мянган төгрөг гэдэг жилд 252 мянган төгрөг, энэ мөнгийг хэн зүгээр май гээд өгөхийн бээ.

…Бага шиг хэрэглээтэй айлын цахилгааны төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгө нэмэгджээ гэхчилэн ахмадууд тэтгэврийн нэмэгдэлд талархалтай хандаж байна. 

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ч мөн өчигдрөөс (2016.06.01) сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Энэ нь халамжийн тэтгэвэр, тэтгэмж 10 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авдаг ажээ. Түүнчлэн байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг байна.

Ийн тэтгэвэр, тэтгэмж  нэмэгдсэн тухай мэдээг сонгуулийн шоу хэмээн хардаж, сошиал ертөнцөөр нэг уурлаж бухимдсан, харааж зүхсэн хүмүүс байгаа нь гайхашрал төрүүлэв. Бүхнийг хараар будаж, хамаг нервээ барж буй эдгээр хүмүүс тэтгэвэр, тэтгэмжийнхэн лав биш. Тэдний нэрийг барьж, улс төр хийсэн нам, фракцийнхан гэчихвэл барьсан ч алдахгүй. Сонгууль дөхсөн үеэр тэтгэвэр нэмж, санал авах гэлээ хэмээн тэвдэж яваа тэдгээр хүмүүст дуулгахад ахмад настнууд болоод тэтгэмж авч буй хүмүүс бүгдээрээ ходоодоороо сонголтоо хийдэггүй юм. Тэдэнд өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил бий. Сарын 21 мянган төгрөг өгсөн ч тэд дэмждэг намаа л дэмжинэ, эс нэмсэн ч өгөх хүндээ л саналаа өгнө. Түүнээс улааныг харж урваж, шарыг харж шарвадаг зуйварган зан хаа очиж ахмад настнуудад байхгүй. Гэрээсээ ч гарах боломжгүй гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг басамжлах хэрэггүй. Тэд ч мөн өөрсдийн боломжит хэлбэрээр мэдээлэл авчихаад сонголтоо хэдийнэ хийчихсэн байгааг үгүйсгэх аргагүй.

Өнөөдөр тэтгэвэр, тэтгэмж нэмснийхээ төлөө ахмадууд болоод тэтгэмжийнхний сонгох эрхэнд нөлөөлөх боломж аль ч нам, засаг, эрх баригчдад үгүй билээ. Тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонх нь олж буй орлогоосоо шалтгаалаад ядруухан аж төрдөг байж мэдэх ч сэтгэхүйн хувьд дарга даамлын цүнх барьж, хувцас өмсгөсөн долдой нараас хувь илүү гээд мөрийцсөн ч болж байна. Тиймээс эрх баригчдын хувьд ч тэтгэвэр, тэтгэмж нэмж, сонгуульд нэмэх оноо авлаа хэмээн баярлах хэрэггүй. Дөрвөн жилийн өмнөх үнэ ханшны өсөлт өнөөдрийн нэмж буй 21 мянган төгрөгийг аль хэдийнэ даваад явчихсан.

Мөн нөгөө талд тэтгэвэр нэмсний төлөө бачимдан тэчъяадаж суухын оронд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө товхийтэл боловсруулж, төр түмнийхээ төлөө толгойгоо гашилгаж явах нь өлзийтэй гэдгийг нам, фракцын нөхдөд дуулгачихад илүүдэх юун.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж