Онгоцны хар хайрцгийн дохиог илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Онгоцны хар хайрцгийн дохиог илрүүлжээ

Газар дундын тэнгист осолдсон Египетийн “Airbus A320”  нисэх онгоцны хоёр хар хайрцгийн дохиог олж илрүүлсэн байна. “EgyptAir” компанийн 66 хүнтэй нисэх онгоц өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Парис хотоос Каир хүрэх замдаа осолдсон юм. Газар дундын тэнгист хайгуул хийж буй Францын “Laplace” шумбагч хар хайрцгийн дохиог барьж авсан гэнэ. Тус шумбагчид 3000 метрийн гүн усанд ажиллах чадвартай роботыг зөөвөрлөн яваа аж. Одоогоор дохио илэрсэн зүгт хайгуул хийж эхэлжээ. Хар хайрцаг ослоос хойш 30 хоногийн турш дохио илгээх цэнэгтэй байдаг аж.

Египетийн онгоцны ослын шалтгаан хүний буруутай үйлдэл эсвэл техникийн доголдлоос үүдсэн байх магадлалтай. “Airbus A320”  нисэх онгоц Грек, Египетийн радарын дэлгэцнээс алга болохын өмнө кабин болон ариун цэврийн өрөөнд утаа илэрсэн гэх дохиог илгээж амжсан аж. Нисэх онгоцны сэг болон зорчигчдын эд зүйлсийг Египетийн хойд хэсгийн Александриа хотоос 290 км орчим зайтай тэнгисээс олж илрүүлсэн юм. Нислэгт нийт 12 орны иргэд зорчиж явжээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж