Рок наадмын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Урлаг, соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Хятадын хамтлагуудын “Рок Наадам 2011” анхны “рок-н-ролл” аялан тоглолт Монголд болох гэж байна. “Мөнх тэнгэр цэлмэг байг” уриан дор болж буй тус наадам долдугаар сарын 8-11-ний өдөр Улаанбаатар, Дархан хотод үргэлжлэх юм. Өнөөдөр “АСА” циркт 20.00 цагт  нээлтийн гала тоглолтоо хийнэ. Уг тоглолтод “Нисванис”, “Лемонс”, “Алтан ураг”, “Моханик”, “A-Sound” хамтлагууд болон инди урсгалаар тоглодог Шанхайн “Boys Climbing Ropes”  hard rock, heavy metal урсгалаар тоглодог “Moon Tyrant”, Folk, country duo урсгалаар тоглодог “The Horde”, Шанхайн DJ B.O нар оролцох ажээ. Гала тоглолтын тасалбар 6000-8000 төгрөг бөгөөд бүх орлогыг “Агаарын бохирдлын эсрэг сан”-д хандивлана гэдгээ зохион байгуулагчид нь мэдээлсэн юм. Энэхүү наадамд оролцогчид Улсын их баяр наадмын үеэр болох “Улаанбаатарын үдэш” тоглолтод оролцох гэнэ. Түүнчлэн ирэх долдугаар сарын 10-нд Дархан хотод болох наадмын нэгдсэн задгай тоглолтод Дархан хотын 50 жилийн ойд зориулан босч буй “Дархан 50” цогцолборт оролцох юм байна. Уг наадмыг Авто замын газар, Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд наадмыг санаачлагч “Орхон” продакшны захирал, продюссер Р.Жавхлантөгс болон Хятадын Шанхай хотод суугаа алдарт дижи Брайн Офендер нартай хамтран ажиллаж байгаа ажээ. Энэхүү Олон улсын рок наадам нь амьд хөгжим ялангуяа “рок-н-ролл” урсгалыг сурталчлах, Хятад болон Монголын рок хөгжмийн дэвшлийг хоёр орны ард түмэнд сурталчлан дэмжих зорилготой юм байна.

Олон улсын рок наадмын хөтөлбөр:

  • Улаанбаатарт: Долдугаар сарын 8-нд үдээс хойш С1 телевизийн хөгжмийн хөтөлбөрт зочин хамтлагууд тоглолт хийнэ. Эл тоглолт нь үнэ төлбөргүй болох юм.
  • Улаанбаатарт: Долдугаар сарын 8-нд 20 цагаас зочин хамтлагууд болон Монгол хамтлагууд АСА циркт тоглоно. Тоглолтын тасалбарын үнэ 6000-10000 төгрөг. 
  • Улаанбаатарт: Долдугаар сарын 9-нд Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион явуулах шинэ залуу хамтлаг дуучдын уулзалтад оролцоно.
  • Улаанбаатарт: Долдугаар сарын 9-нд  орой Улаанбаатарын хөгжмийн клубүүдэд хамтлагууд тоглолт хийнэ. Moon Tyrant хамтлаг Их Монгол уушийн газар тоглоно.
  • Дарханд: Долдугаар сарын 10-нд Дархан хотын 50 жилийн ойд зориулсан Монголын амьд хөгжмийн хамтлаг дуучидтай хамтарсан нэгдсэн тоглолт “Найрамдал талбай”-д болно.
  • Улаанбаатарт: Долдугаар сарын 11-ний 19.30 “Наадмын үдэш” Сүхбаатарын талбайд хамтлагууд тоглолт хийнэ. Тус тоглолтыг телевизүүдээр нэвтрүүлнэ.


Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж