Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Робот биднийг орлоно

Техник, технологийн хөгжлийн ачаар хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, бүрэн орлох болжээ. Гэвч өндөр хөгжсөн технологийн дэвшилийн үр дүнд хүмүүс бид одоо хийж буй ажлаа робот, автомат машинд булаалгаж эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд “Apple”, “Samsung” компанид ханган нийлүүлэгч Хятадын “Foxconn” үйлдвэрийн 60 мянган ажилтнаа роботоор сольжээ. Тус компани олон мянган ажилтнаа роботоор солиход 2014 оноос хойш 4.2 тэрбум юанийг зарцуулсан аж. Тус компани цаашид ажилчдынхаа 90 хувийг роботоор солихоор төлөвлөжээ.

АНУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн 15 ам.доллар болж нэмэгдсэнээс хойш компаниуд робот ажилчдыг илүүтэй сонирхох болсон аж. “Төмс шарахын тулд цагийн 15 ам.доллараар хүнийг цалинжуулснаас нэг удаа 35 мянган ам.доллараар робот гар худалдаж авах нь хямд тусна” хэмээн түргэн хоолны үйлчилгээний газрын эзэн ярьжээ. 2025 он гэхэд хүний хөдөлмөрийн дөрөвний нэгийг ухаалаг технологи эвсэл роботууд орлон гүйцэтгэх аж. Ирэх 20 жилд Их Британийн ажилчдын 35 хувь нь роботод ширээгээ суллаж өгөх хэрэгтэй болох гэнэ. Одоогийн байдлаар автомашин үйлдвэрлэлд роботыг хамгийн өргөн ашиглаж байна.

Японд зочид буудлын үйлчлэгч робот үйлчилгээнд нэвтэрч эхлээд буй. "Henn-na"  нэртэй зочид буудлын ресепшн дээр таныг робот-бүсгүй угтаж, ачааг тань робот-хаалгач зөөх бөгөөд хөнгөн зуушийг дронууд авч ирнэ. Одоогийн байдлаар зочид буудалд 10 автомат болон 10 хүн ажилтан ажиллаж байна. Гэвч зочид буудлын ажлын ихэнхийг роботууд гүйцэтгэдэг гэх юм. Зочид буудлын хүлээн авагч робот эмэгтэй хүнтэй тун төстэй , нүдээ анивчдаг, амьсгалдаг, харьцаж байгаа хүнийхээ нүд үрүү нь хардаг ба дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг аж. Зочид буудлын үйлчилгээнээс гадна баар, уушийн газарт робот гар, автомат технологийг өргөнөөр ашиглагдах болжээ. Шейк найруулах жорыг өгсөн байхад л робот гар хоромхон хугацаанд хүссэн ундааг тань бэлтгэж дөнгөнө.

Үүний зэрэгцээ “Google” компани өөрийн жолоодлоготой автомашин бүтээх ажилд нэлээд ахицтай яваа. Тэдний шинэ төрлийн “өөрөө явагч” ухаалаг автомашин хэрэглээнд нэвтрээд эхэлвэл жолооч хэрэггүй болох юм. Автомашины “GPS” систем хэдийн та биднийг хүрэх газарт зааварчилдаг болсон билээ.

Роботууд хүний биед мэс засал хийх нарийн ажлыг ч гүйцэтгэдэг болсон. АНУ-д хагас робот мэс заслын гар хүний гараар хийхэд хэцүү нарийн чимхлүүр ажлыг гүйцэтгэхэд тусалдаг. Одоохондоо робот гарыг мэргэжлийн мэс засалчид удирдан явуулж байна. Гэхдээ робот ашигласан мэс засал бүрэн эрсдэлгүй гэж үзэж болохгүй. АНУ-д өнгөрсөн 10 жилийн хугацаанд автомат технологид суурилсан мэс засал амжилтгүй болсноос 144 хүн амь эрсэджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж