"Guys" хамтлагийн дуучин залуу хар тамхины хэргээр саатуулагдсан талаар хэвлэлүүд мэдээлж, хүмүүс ч хэн бэ гэсэн эрэлд гарсан. Нэрийг нь нууцлаад байсан дуучин залуу Х.Бат-Ундрал гэдгийг албаны эх сурвалж мэдэгдэхтэй зэрэгцэн "Guys" хамтлагийнхан мөн мэдээлэл хийлээ. Тэд “Х.Бат-Ундрал сар гаруйн өмнө хамтлагаасаа гарсан. Тиймээс бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл алга. Тэгээд ч гарсан гишүүнийхээ талаар ямар нэгэн зүйл яримааргүй байна” гэх тайлбар хийсэн нь олныг гайхашруулаад зогсохгүй шүүмжлэл дагуулсан. Шүүмжлэхээс ч яалтай.
Хар тамхи муухай. Хар тамхи хэрэглэсэн, зөөсөн, тээсэн, зарсан ямар ч хэргийг өмгөөлөх гэсэнгүй. Өмгөөлөх ч аргагүй. Гэхдээ хамтлаг гэдэг бол хамтдаа байхын нэр. Нэгнээ алдаж эндэхэд нь түшиж тулахын нэр байтал хар тамхины хэрэгт сэжиглэгдэн баривчлагдлаа гэх мэдээлэл цацагдсан даруйд зайгаа барьж, хамтлагаасаа гарсан хэмээн мэдэгдсэн нь "Guys"-ийн залуусын тарыг таниулаад амжив. Тэд мэдээлэл цацагдахаас өмнө энэ тухай нийтэд зарласан бол нэр цэвэр үлдэх байлаа. Үгүйдээ л бидэнд хамаагүй гэсэн өнгө аясаар бус “Манай Уугий тийм хүн биш дээ” гэчихсэн бол илүү жудагтай харагдах байв.
Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан гэсэн мэдээллийн хариуд дуучин Х.Бат-Ундрал өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хүү нь, дүү нь, найз нь та нартаа амлая!!! Уугий нь хэзээ ч тийм зүйл хийх хүн биш!!! Зулай зулайгаа гишгэж төрсөн гарын таван хуруу шиг үр хүүхдүүдтэйгээ хамтдаа ээж минь та урт наслаарай” гэж бичсэн байна. Уугий үнэн хэлсэн эсэхийг хууль хяналтынхан тогтооно.
Харин түүнээс өмнө сандран мэгдэн мэдэгдэл гаргаж, журмын нөхөд нь хүндээ хөнгөнөөс өгч орхилоо. Соён гэгээрүүлэгчид болсон соёл урлагийнхан дунд энэ мэт аминчхан үзэл нэлээд дэлгэрэх янзтай. Олны өмнө нэр цэвэр үлдэж байвал бусад нь хамаагүй гэсэн амь хадуу зан гаргасан нь ганцхан "Guys" биш. Жүжигчин бүсгүйчүүдийн дуулиант хэргийн үеэр хамтлагийнхан нь бүгд зайгаа барьж, хамт байгаагүй болохоор огт буруугүй гээд үлдсэн. Хамтлаг гэж зовлон, жаргалаа хамтдаа туулахын нэр биш юм уу. Алдар нэр цэвэр үед нь хамтарч, алдаж эндэхэд нь орхих гэж нэгдсэн хэрэг үү. Хошин урлагийнхны дэглэсэн алиа хошин “үзэгдэл”-ийн араас "Номин талст"-ын зуурдын хамтрал залгасан. Дараа нь "Guys". Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай хүчтэй гэдэгсэн. Урлагийнхны ноён нуруу нэгнийхээ алдаа онооны дэнсэн дээр хугардаг болжээ.
Д.ЦЭЭЛ