Н.Энхбаяраас урвагчид

Хуучирсан мэдээ: 2016.06.02-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяраас урвагчид

МАХН-ын дарга Н.Энхбаяр ойр орчимдоо тун чиг халгаатай хүн бололтой. Сонгууль дөхөх тусам тус намын ирээдүй бүрхэг болж, гишүүд нь намаа хаях боллоо. Үнэндээ сонгууль хүртэл түүнд үнэнч үлдэх хүн гэргийгээс нь өөр олдох нь уу гэмээр дүр зураг харагдаж байна. 2011 оны нэгдүгээр сард шинэчлэн байгуулагдсан МАХН яг одоогоор хэдэн гишүүнтэйг тодруулах гээд чадсангүй. Тус намаас урвагчдын тоо өнгөрсөн тавдугаар сард бүр ч олширсныг хэвлэлийн хуудаснаас бэлээхэн харж болох нь.

2016.05.04

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д элсэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэд ийн төрхөмдөө буцах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Бид бие дааж улс төрийн сонголтоо хийх чадамжтай улстөрчид. Бид хоёр МАХН-аас гарч МАН-тай хамтран ажиллахаар шийдсэн” гэсэн юм.

2016.05.16

МАХН-ын гишүүн Т.Дуламдорж, Д.Батмөнх, Д.Энхжаргал, А.Үүрцайх нарын гишүүд дэмжигчид намаасаа гарч байгаагаа мөн мэдэгдлээ. Тэд МАН-тай эвсээгүй учраас ийм шийдвэр гаргасан бөгөөд хоёр намын дарга нар эвсэж чаддаггүй юм бол гишүүд дэмжигчид нь эвслийг харуулна гэж мэдэгдэхээр хэвлэлийн хурал хийж байна гэсэн юм.

2016.05.31

Үүний дараа МАХН-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийж, намын гишүүнчлэлээсээ албан ёсоор татгалзаж буйгаа мэдэгдлээ. Тэд Н.Энхбаяр даргын болчимгүй үйлдлээс шалтгаалж, нэр дэвшигчид нь тойрогтоо штабаа байгуулах, орон нутагт бэлтгэлээ базаах ажлууд нь хоцорч байгаад бухимдан намаа орхиж байгаа аж. Түүнчлэн Н.Энхбаяр даргыг зөвхөн өөрийнхөө төлөө бусдын амь насыг аюулд оруулан өлсгөлөн зарлаж байхын оронд МАН-тай нэгдэн сонгуульд оролцох арга замыг хайх хэрэгтэй байсныг ч хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Эдгээр гишүүн Н.Энхбаяр даргыг заавал өлсгөлөн зарлаж, хугацаа алдах шаардлагагүй гэж ятгасан ч хүлээж аваагүй аж.

Ийнхүү МАХН-ын харъяаллаас татгалзаж, намын дарга Н.Энхбаяраас урвагчдын тоо ганцхан сарын дотор 30 хол давав. Тэдний хувьд намаа орхих болсон шалтгаанаа 2016 оны сонгуульд МАН-тай нэгдээгүй болон Н.Энхбаяр шийдлийг дангаар гаргадаг гэж тайлбарлажээ. Угаас “гэр бүлийн нам” гэх тодотголтой МАХН-д анх элсэхдээ шийдвэр нэг хүнийх гэдгийг тооцоолох ёстой байсан болов уу. Нөгөөтэйгүүр МАН-ын гар хөл болсон хүмүүс л МАХН-аас гарч байна гэсэн өнцөг ч харагдаж л байгаа юм.

Хамгийн гол нь тус намын эгэл жирийн гишүүд гэхээсээ илүүтэй намын дэд даргаас эхлээд намын нэрээр алба агентлагийн дарга даамал хийж явсан хүмүүс голчлон “урваж” байгаа нь анхаарал татаж буй юм. Т.Дуламдорж ОБЕГ болон Монгол шуудан компанийн даргаар ажиллаж байсан бол Д.Энхжаргал Худалдан авах ажиллагааны газрын анхны дарга юм. Дунд шатны гэлтгүй чамгүй хөрөнгө мөнгө, эрх мэдэл бүхий албыг хашиж байсан эдгээр хүн нам дагасандаа алба хашсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс ч тус намын ахмадууд хэвлэлийн хурлын үеэр хүүхдийн живх шидэж, тэднийг басамжилсан юм. Олны доог тохууг ч үл ажран намаасаа урвахын цаад учир юу вэ.

Э.ЭГШИГЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж