ХДХВ/ДОХ-ын халдвартай оросуудын тоо өнгөрсөн онд 8.7 хувиар буурчээ. “Халдварын өсөлт удааширлаа. Хэрэв өмнөх жилүүдэд өсөлт 10-12 хувьд хүрч байсан бол өнгөрсөн онд тэр нь 8,7 хувиар буурлаа. Энэ бол шинэчлэгдсэн мэдээ” гэж Оросын мэргэжлийн хяналтын алба- Роспотребнадзорын тэргүүн Анна Попова мэдэгдлээ.
Гэхдээ, Орост өвчний дэгдэлт байхгүй. “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цар тахлын тодорхойлолтын бүхий л үзүүлэлтээр Орос тархалт ихтэй улсад ороогүй байгаа нь бидний том ололт юм” хэмээн тэр хэлжээ. Орост ажиглалт хийж эхэлсэн 1987 оноос хойш халдварын нэг сая тохиолдол бүртгэгдсэн байна.
Оросын Эрүүлийг хамгаалахын сайд Вероника Скворцова өөрийн ээлжит тэмдэглэлдээ, ХДХВ/ДОХ-ын халдвартай оросуудын тоо жил тутам өсч байгааг хэлжээ. Зөвхөн 2015 онд 100 мянган халдвар шинээр бүртгэгдэж, вирусийн халдвартай 12,5 мянган хүн үхсэн байна.
Орост өвчин дамжих хоёр гол арга бүртгэгдсэн нь цусаар мөн гетеросексуаль замаар байгаа юм. Сайдын сануулснаар, бэлгийн замаар өвчний халдвар эрс нэмэгдэж байгаа ажээ.
“Сүүлийн хэдэн жилд энэ вирусийн халдвар авсан эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин нэмэгдлээ. ХДХВ/ДОХ-ын халдвар нь нийгмийн тодорхой нэгэн бүлгийн өвчин байхаа болилоо” гэж сайд хэлсэн байв.
Орост дунджаар 1000 шинжилгээнээс 3,5-4 халдвар илэрдэг аж. "Хэрэв хар тамхичдын бүлгийг аваад үзвэл 1000 шинжилгээнээс 40-50 тохиолдол илэрдэг” хэмээн сайд хэлжээ.
Мөн халдвар бөөгнөрч, цугларах магадлалтай хүн амын бусад бүлгийнхэн дунд их байгаа. Хэрэв халдвар тэр давхаргуудад нэвтэрвэл өвчинтэй тэмцэх нь бидэнд хүндрэлтэй болно гэж сайд дуулгажээ.
Үүний зэрэгцээ үнэгүй шинжилгээний тоог Орост 40 хувиар нэмэгдүүлж, түүнд 30 сая хүн өнгөрсөн онд хамрагджээ. Оросын Эрүүл мэндийн яам ДОХ-ын эсрэг эмчилгээнд олон бүс нутгийг хамруулах тал дээр ажиллаж байгаа гэнэ. Сүүлийн арван жилд эмнэлэгийн хяналтад байгаа хүмүүсийн тоо 3-37 хувь хүртэл нэмэгджээ. Бидний зорилго бол эмчилгээнд хамрагдах хүмүүсийн тоог ойрын үед 60 хувьд, 2020 он гэхэд 90 хувьд хүргэх явдал гэж сайд мэдэгдлээ.
Эмчилгээ эхэлсний дараагийн гурван долоо хоногт халдвар авсан хүн орчиндөө халдвар тараахгүй болох бөгөөд тэр ердийн амьдралаар амьдран эрүүл саруул үр удам төрүүлэх боломжтой болно хэмээн Скворцова тайлбарлав.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР