Хүүхдийн ертөнцөд тухлан саатаарай

Хуучирсан мэдээ: 2016.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдийн ертөнцөд тухлан саатаарай

МАХН-ын намын Төв хороо, Хүүхдийн төлөө Фонд, МПБ-ын Төв зөвлөл, Монголын урчуудын эвлэлийн хороо зэрэг байгууллагууд жил бүр хүсэн хүлээдэг, зурах ур ухаан, урлан бүтээх авьяасаа сорьдог “Уран бүтээлийн талбар” байсан олон улсын хүүхдийн зургийн уралдаанаас олон арван медаль, Гранпри шагналуудыг хүртэж байсан хүүхдийн уран зургийн уралдаан 20 гаруй жил тасалдсаныг 2014 онд Монголын зураачдын эвлэлээс санаачлан Урлагийн багш нарын холбоотой хамтран “Хүүхдийн ертөнц” улсын уралдаан болгон сэргээн зохион байгуулдаг болсон.

Энэ жил “Хүүхдийн ертөнц-2016” уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Тэргүүн хатагтайн үүсгэн байгуулсан “Болор сан-Халамжит гэр бүл төв”,Монголын зураачдын эвлэл, “МCS-Coca Cola” ХХК, “Болд” ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй аж.

“Хүүхдийн ертөнц-2016” хүүхдийн уран зургийн улсын уралдааны нээлт Уран зургийн Галерейд боллоо. Тус уралдаан Монгол орон даяар буюу 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн ЕБС-ийн 6-18 насны бүх сурагчдын дунд хүүхэд багачуудын дунд болно. Уралдааны бүтээлийг гурван ангилалд шалгаруулах бөгөөд 4-9 нас, 10-14 нас, 15-18 нас гэсэн ангиллаар шалгаруулах юм. Хүүхэд, багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийн авьяасыг нээн хөгжүүлэх, ирээдүйн авъяаслаг уран бүтээлчийг тодруулан гаргах зорилготойгоор энэхүү уралдааныг зарласан юм.

Наадмын нээлтийн ёслолын үеэр зохион байгуулагчид "Тэнгэрлэг Монголын маань ирээдүй хойч болсон уран авьяаслаг хүүхэд багачууддаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын мэндийг хүргээд “Хүүхдийн ертөнц-2016” наадамд амжилттай оролцож буйд талархаж байна" гэдгийг хэлж байлаа.

Энэ удаагийн наадамд хот, хөдөөгийн мянга гаруй хүүхэд, багачуул өөрийн бүтээлээ ирүүлсэн байна. Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, багачуулын ертөнцөөр аялуулах энэхүү үзэсгэлэнд та саатаарай.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж