- Чингисийн талбай хүүхдийн баярын өмнөх өдөр ч хүүхдийн хөлд дарагдсан байжээ. Баярын арга хэмжээндээ бэлдсэн сурагчид, зургадугаар сарын 1-нийг хүлээлгүй ээж, ааваа дагуулан явах бяцхан жаал, төгсөлтийн баяраа тэмдэглэж буй оюутнууд Чингисийн талбайг дүүргэжээ. News.mn сайт хүүхдүүд баяраараа хэрхэн баярлахыг хүсдэг талаар асуусан юм. Н.Есөө хүү 170 дугаар цэцэрлэгт явдаг. Тэрээр хүүхдийн баяраар аав, ээжтэйгээ хамт паркаар зугаалах дуртай. Хүүхдийн баяраар бэлэг авч, бялуу идэх нь сайхан санагддаг. Ялангуяа чихэртэй бэлэг авах дуртай гэжээ. Тэрбээр баярын өмнөх өдөр аавтайгаа хамт төв талбайдаа ийнхүү иржээ.
- Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станц цогц төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр /2016.05.31/ Төрийн ордонд боллоо.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотоос 120 км зайд орших Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барьж байгуулах ажил эхэлнэ. Хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Ингэхдээ цахилгаан станц нь 2019 онд ашиглалтад орж, жилдээ 1.6 тэрбум кВт.цаг буюу Монгол улсын нийт эрчим хүчний 30 хувийг үйлдвэрлэж эхлэх бол 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм байна.
- “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хаалтын үйл ажиллагаа өчигдөр /2016.05.31/ “Blue Sky” зочид буудалд боллоо. Уг төслийн хүрээнд дулааны цахилгаан станцуудаас гарч буй хаягдал, үнсийг барилгын материалд ашиглах үндэсний шинэ “MNS3927:2015” стандартыг баталснаараа онцлог юм. Энэхүү “Switch Asia” төслийг санхүүжүүлэгчээр Европын холбооны Чех улсын Хөгжлийн агентлаг ажилласан бөгөөд хэрэгжүүлэгч байгууллагаар “Каритас Чех” олон улсын байгууллага ажиллажээ.
- Өчигдөр дэлхийн тамхигүй өдөр тохиолоо. Энэ өдрөөр Монгол Улсад тамхидалттай холбоотой хэдэн тоо баримтыг дурдъя. Монгол Улсын иргэдийн 27 хувь нь тамхи татдаг. Харин эрчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн таван хувь нь тамхи татдаг. Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын нэг нь, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг болж таарч байна.
Тэгвэл сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах нь хоёр дахин нэмэгдсэн. Нас барж буй гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэгтэй. Таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас бардаг гэх дүн гарчээ.
- 2015 оны татварын тайлангаа өгсөн 71.9 мянган иргэний татварын буцаан олголтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Эхний ээлжийнхэн дөрөвдүгээр сард татварын мөнгөө авсан бол хоёрдугаар ээлжийнхэнд өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2016.05.26/ буцаан олголтыг нь өгсөн.
Харин зарим иргэний дансанд буцаан олголтын мөнгө нь ороогүй гэсэн гомдол мэдүүлэх болов. Энэ талаар Гааль, татварын ерөнхий газраас тодруулахад, "1320 хүний татварын буцаан олголт өгөгдөөгүй байна. Нэр, дансыг нягтлан шалгаад энэ долоо хоногийн Баасан гаригаас хэтрүүлэхгүй олгоно" гэжээ.
- Дэлхийн газрын тос экспортлогчид буюу ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалт ирэх Пүрэв гаригт /2016.06.02/ Вена хотноо болох гэж байна. Энэ уулзалтын өмнө нефтийн үнэ жаахан тогтворжиж нэг баррель нь 50 ам.доллар дээр тогтоод байна.
Сүүлийн долоо хоногт хэд хэдэн улс, тухайлбал, Нигер, Ливи, Канад улсууд нефтийн олборлолтоо нэмэгдүүлсэн.
- Урд хөрш БНХАУ руу гарах авто замын хилийн боомтууд өнөөдөр амарна. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургадугаар сарын 1-ний өдөр амрах юм.
Харин зургадугаар сарын 2-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.