Барууны мэдээллийн агентлаг “Ассошиэтэд пресс” агентлаг Умард Солонгосын нийслэлд мэдээллийн товчоо нээхээр болсон байна. “Ассошиэтэд Пресс” агентлаг Пхеньян хотод мэдээллийн товчоог нээхээр тус улсын мэдээллийн төв агентлагтай гэрээ байгуулснаа мэдэгджээ. Таван жилийн өмнөөс тус улсад телевизийн мэдээллээ цацаж эхэлсэн “Ассошиэтэд Пресс” дэлхийн хамгийн хаалттай улсад оффисоо нээсэн барууны анхны мэдээллийн агентлаг болж байна. “Ассошиэтэд Пресс”-ийн ерөнхийлөгч Том Курли энэ гэрээг түүхэн, чухал үйл явдал гэж онцолсон байна.
Тэрбээр “Энэ улс орныг дэлхий дахинд таниулах үүд хаалгыг “Ассошиэтэд Пресс” нээх болно. Бид үүнийг дэлхийн уншигч, үзэгчдэд найдвартай, бодитой эх сурвалжаас авсан мэдээллийг хүргэхээс тэсэн ядан хүлээж байна ” гэж мэдэгджээ.
“Ассошиэтэд Пресс” 2007 онд АНУ дахь дөрвөн мэдээллийн товчоог хааж 2009 онд Кабулд нэгийг нээсэн юм.
Н.Энх