Чингисийн талбай өнөөдөр ч хүүхдийн хөлд дарагджээ. Баярын арга хэмжээндээ бэлдсэн сурагчид, зургадугаар сарын 1-нийг хүлээлгүй ээж, ааваа дагуулан явах бяцхан жаал, төгсөлтийн баяраа тэмдэглэж буй оюутнууд Чингисийн талбайг дүүргэжээ. Үе тэнгийнхнээ урлагийнхаа үзүүлбэрээр баярлуулах гэсэн авьяаслаг сурагчдын бэлтгэл одоо хэр нь үргэлжилсээр…
“Манай хүү маргаашийг хүлээж тэссэнгүй ээ. Намайг чирэх нь холгүй дагуулаад ирлээ” хэмээн Н.Баярт хүүгийн ээж хөгжөөнтэйгөөр өгүүлнэ. Харин Н.Есөө хүү 170 дугаар цэцэрлэгт явдаг. Тэрээр хүүхдийн баяраар аав, ээжтэйгээ хамт паркаар зугаалах дуртай. Хүүхдийн баяраар бэлэг авч, бялуу идэх нь сайхан санагддаг. Ялангуяа чихэртэй бэлэг авах дуртай. Баярын өмнөх өдөр аавтайгаа хамт төв талбайдаа ийнхүү иржээ.
Энгийн өдрүүдэд элдэв өдөрлөг, тоглолт, жагсаал цуглаан, тэмцэгч, эсэргүүцэгчдийн хөлд дарагддаг Чингисийн талбайг өнөөдөр бяцхан үрсийн инээд, цангинасан дуу, хонхны баяраа тэмдэглэж буй залуус эзэлжээ.
ИНГЭХЭД ХҮҮХДҮҮД ХҮҮХДИЙН БАЯРААР ЯАЖ БАЯРЛАХЫГ ХҮСДЭГ ЮМ БОЛ?
Хүүхдийн баяраар тоглоом тоглож өнгөрүүлнэ. Ээж, аав, агаатайгаа маргааш хөдөө явна. Хүүхдийн баяраар хөдөө явах гого байдаг. Би шүлэг уншиж өгье.
Өвөө минь наддаа цэлмэг тэнгэр
Эмээ минь наддаа уудам тал
Аав минь наддаа ханхар уул
Ээж минь наддаа гэрэлт нар…
Хүүхдийн баяраар Тэнгис кино театр орж кино үзнэ. Бас талбайд ирж тоглоом тоглодог. Энэ жил аав, ээжтэйгээ хамт явах байх. Миний хувьд хүүхдийн баяраар найзуудтайгаа хамтдаа хөдөө явмаар санагддаг. Хүүхдийн баяр бол бидний эрхийг хамгаалж, баярлуулдаг болохоор надад таалагддаг.
Хүүхдийн баяраар талбайд ирж юм хардаг. Маргааш өвөөтэйгөө хамт гарах байх. Би зүгээр л юм хараад л явмаар байна.
Бид хоёр Сэлэнгэ аймгаас ирж баярлаж байна. Ээж нь маргааш амрах байх. Бүгдээрээ хүүгээ дагуулаад төв талбайд ирнэ. Маргааш үзэж харах юм хаагуур байна, түүгээр явна даа.
Маргааш ээжтэйгээ талбайд ирнэ. Хүүхдийн баяраар ээжтэйгээ гадуур гараад, парк дээр тоголмоор байна.
Хүүхдийн баяраар олон газраар явна. Талбайд ирнэ. Юу хийхээ сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тоглоом дээр тоголмоор байна. Өнгөрсөн жил паркад тоголсон.
Би цэцэрлэгт явдаг. Хүүхдийн баяраар юу хийхээ мэдэхгүй.
Маргааш гэр бүлээрээ талбай орчихоод Богд ууланд гарна. Өнгөрсөн жил цэцэрлэгт хүрээлэнд очиж дугуй унасан. Ер нь би талбайд ирж дугуй унах дуртай. Бас чикен, КFC идэх дуртай. Найзууддаа хүүхдийн баярын мэнд хүргэе.
Маргааш аав, ээжтэйгээ гарна. Би тараг уух дуртай. Хүүхдийн баяраар тараг ууж, талбай дээр ирж тогломоор байна.
Маргааш би энд ирж гоё юм зурна. Эмээтэйгээ гарна. Шинэ жилээр манай цэцэрлэгт гоё юм болсон. Надад өвлийн өвгөн хамгийн түрүүнд бэлэг өгсөн. Энэ хүүхдийн баяраар ээж, аавтайгаа зугаалмаар байна. Би юм идэх, гоё будгаар зураг зурмаар байна. Би шүлэг уншъя.
Баруун гар, зүүн гар
Балчир миний бяцхан гар
Баруун хөл, зүүн хөл
Балчир миний бяцхан хөл…
Хүүхдийн баяраар бэлэг авна, бялуу иднэ. Аав, ээжтэйгээ хамт паркаар явна. Паркийн вагон дээр очиж тоглоно. Хүүхдийн баяраар гоё, чихэртэй бэлэг авмаар байна.
Ийнхүү баяраа тэмдэглэхээр яарсан бяцхан хүүхдүүд төв талбайдаа цугларчээ. Маргааш хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд 09.00 цагаас сурагчдын цахилгаан хөгжмийн хамтлагийн тоглолтоор эхэлнэ. Харин албан ёсны нээлт 11.00 цагт болно. Энэ жилийн хувьд хүүхэд, багачуудад монгол ахуй, соёлыг таниулах үүднээс төв талбайд “Монгол гэр” өртөөг байрлуулах юм. Хүүхдүүд эндээс ардын тоглоом наадгай, сэтгэхүйн болон өрж эвлүүлэх, хөдөлгөөнт тоглоом тоглохоос гадна монгол уран бичлэгийн гайхамшиг, монгол хувцсыг таниж мэдэх юм байна. Ингээд монголын ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд багачууд, сурагчид минь баяраа сайхан тэмдэглээрэй.
Баярын арга хэмжээ, нэгдсэн хөтөлбөрийг ЭНД-ээс харна уу.
Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ