Монгол улсаас Афганистан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох дөрөвдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабын туганд хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчин жанжин штабын орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, БХЯ болон ЗХЖШ-ын удирдлагууд болон энхийг сахиулах багийн бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийнхэн оролцлоо.
Дөрөвдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд 100 орчим цэрэг багтаж байгаа ба уг бүрэлдэхүүнийг дэд хурандаа Ц.Содномдаржаа ахална. Эдгээр алба хаагч Исламын бүгд найрамдах Афганистан улс дахь олон үндэстний эвслийн цэргийн "Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа"-ны ХБНГУ-ын "Мармал" баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Цэргийн багийн бүрэлдэхүүний 93 хувь нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай.
Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчний нийт 30 гаруй анги байгууллагын 100 гаруй цэргийн алба хаагч Германы Зэвсэгт хүчний багтай хамтран Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ.