Хүй долоон худагт долдугаар сарын 11-12-ны өдөр үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулах “Соёлын наадам” болно. “Соёолон харъя, соёлоороо бахархая” уриан дор явуулах эл наадам нь Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлан таниулах томоохон арга хэмжээ болох юм. Тус арга хэмжээний хүрээнд Монголын нүүдлийн соёл, ахуй, зан үйлийг харуулсан "Монголын нэг өдөр" соёл урлаг, гар урлалын хотхон, уран бичлэг, нум сумын өртөө болон соёл урлагийн тоглолт зэргийг зохион байгуулах ажээ. Наадмын уралдааны хүлэг морьдоо үзэхийн сацуу Монголын соёл урлаг, соёлын орчинг мэдрэх боломжийг Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан танд олгож байгаа юм.
Г.Даша