Хөршүүд нэгдсэнээр гэмт хэргээс сэргийлж болно

Хуучирсан мэдээ: 2016.05.31-нд нийтлэгдсэн

Хөршүүд нэгдсэнээр гэмт хэргээс сэргийлж болно

Өнгөрөгч нэгдүгээр сард гурван залуу 74 настай эмээг орцонд нь дээрэмдэж, гэмтээсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан билээ. Хохирогчийн хүү орцныхоо камерын бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьснаар хэрэгтнүүдийг баривчилсан юм. Гэвч үүний цаана камергүй, харанхуй орцонд үйлдэх хэргийн тоо буурахгүй, хэрэгтнүүдийг илрүүлэхгүй олон тохиолдол бий гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж байна.  

2016 он гарсаар булаах, танхайрах гэмт хэргийн 101 тохиолдол бүртгэгджээ. Орцонд үйлдэх хэргийн тоо огт буурахгүй байгааг цагдаагийн байгууллагын дүн харуулж байна.

Тиймээс “Хөршийн хяналтын хөтөлбөр”-ийг өнгөрөгч нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд орон сууцны иргэд хоорондоо танилцаж, нэгдэн “Хөршийн хяналтын бүлэг” байгуулж, байраа тохижуулах, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж эхэлсэн нь үр дүнд хүрч эхэлсэн байна. Одоогоор 815 бүлэг байгуулагджээ. Мөн хөршүүдэд зориулсан www.neighboyrhood.mn цахим хуудсанд 1800 гаруй иргэн бүртгүүлжээ.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэд “Хөршийн хяналтын бүлэг” байгуулж, 24 орон сууцны 54 орцыг камержуулжээ. Ингэснээр ахуйн хүрээний гэмт хэргийн гаралт буурсан байна. Мөн Хан-Уул дүүргийн зургаа, долдугаар хорооныхон  ч орчноо бүрэн камержуулжээ. Гол нь орчноо камержуулж, “Камерын хяналтын бүс” гэсэн тэмдэглэгээг гудамжинд байрлуулах нь гэмт хэрэг гарахаас сэргийлэх томоохон алхам гэдгийг санууллаа.

Энэ ажлын хүрээнд “Ipolice” буюу “Би цагдаа” гэх нэртэй гар утасны аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжэээ. Та гар утасныхаа Playstore-иос Ipolice аппликейшныг гар утсандаа суулгана. Ингээд та дээрэм, танхай, хулгай гээд   орчиндоо аюул учруулж болзошгүй зүйлийн мэдээллийг гар утаснаасаа видео, зураг хэлбэрээр аппликейшн рүү хийж, цагдаагийн байгууллагад мэдээлэх юм. Энэ дагуу цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллах, таслан зогсоох, хэрэгтнийг барих нөхцөл бүрдэх аж.

Нэгэнт нийслэлийн хөрөнгөөр бүх орон сууцны хорооллыг камержуулж, аюулгүй байдлыг хангах боломжгүй нөхцөлд энэ арга үр дүнтэй хэмээн үзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж