Бялуугаар сольсон форм минь

Хуучирсан мэдээ: 2016.05.31-нд нийтлэгдсэн

Бялуугаар сольсон форм минь

Ээждээ их гомдож билээ. Усанд ороогүй, аягаа угаалгүй эрхэлсэнийхээ “шанд” бүтэн сайны 4.10-ын хүүхдийн киног үзэх эрхээ хасуулснаас тэр. Хүүхэд насны хамгийн томд тооцогдох шийтгэл тэр байсан санагддаг ч, одоо бодоход инээд хүрнэ.

Хүүхэд насанд минь хэд хэдэн тоо хамгаас гоё. Цаг ч мэддэггүй байхдаа 4:10 гэх тоог хүүхдүүд өөрсдөө ч мэдэлгүй цээжилчихнэ. Бяцхан цээжиндээ хуруу даран тоолон тоолон долоо хоног тэсэн ядан хүлээх 4:10. Алдаж болохгүй ганцхан агшин тэр байсан гэдэгтэй бидний үеийнхэн санал нийлнэ биз ээ. Тэр л цагт би том болоод цагдаа болохыг мөрөөднө. Цагдаа маань эмчээр, эмч нь нисгэгч болох хүслээр ээлжлэн солигдоно.  Бас нисдэг “Честимер” болохыг хүсч, хажуу хаалганы нусгай Батааг “Уран Бурак” болгож, орцны хөөрхөн Сувдааг “Оддын охин”, миний хамгийн сайн найз Сэржээг “Мэргэн буудагч Янек”, нохойг нь мэдээ хүргэгч Шарик болгон тоглоно. Мэргэжлээс мэргэжил рүү урваж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дараагийн 4.10-ыг хүлээнэ. Одоогийн хүүхдүүдийн амнаас гардаг “захирал” бол ёстой “цаашаа” байлаа. Тийм муухай мэргэжил хөрөнгөтний хөгийн ертөнцөд л бусдыг боолчилдог дарангуйлагчид байдаг гэж үзэн ядах маягтай.

Өдөр тутмын өөр хоёр тоо байдаг нь “Боролдойн цаг”.  “Боролдойн цаг”-ийг эхлэхэд бор морийг хамгаас өрөвдөнө. Бүгд шидэт хайрцагнаас үлгэр үзэж байхад бор морь л хөөрхий ганцаараа гадаа үлддэг. Харин дуусах болоход,

-Тэнгэрээ оддоор чимлээ

Дэлхийгээ сүүдрээр хучлаа

Боролдой хүү минь явлаа
Болзсон цагтаа ирээрэй.
Бүлтгэр хүү минь бүүвэй 
Бүүвэй бүүвэй… гэхэд ботго ганцаараа үлдчихнэ. Энэ маань харьж чадсангүй гэж битүүхэндээ санаа зовохыг нь яана. Төд удалгүй ботгоо мартаад бахиа барихад “Рекорд”-ынхоо “чих”-ийг мушгина. Тэр нь  “баюу баюу”-гаа /оросын телевизийн хүүхдийн оройн нэвтрүүлэг “Спокойные ночи”/ үзэх гэж буй хэрэг. Аягатай лавшаагаа барьсаар завилаад суучихна. Ийм л нэг цагаас нөгөөг хүлээж, баригдаж буй барилга дээр хөөцөлдөж, байрны гадаа дүүгий даагийдаж, дугуй түрж, баруун байрны Баагийтай нармайнаасаа цус гартал ноцолдож, бас чулуугаар байлдаж, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээний хөгжимнөөс айн орон доогуур орж, шугам тавихаар ухсан нүхийг нуувч болгон байлдаж,  тэвэгдэж, “чиртадаж”, охидууд резиндэж бидний үеийнхнийн хүүхэд нас өнгөрсөн. Зуслангаас ирсэн ахыг чавхаар харваад баригдан духаа “цоортол” няслуулж, “люкс”-ыг нь авч зугтаан байрныхаа хөөрхөн охиноор хөөлгүүлж, бөглөө нүдэж бидний гэнэн цайлган хүүхэд нас минь алсуурхан, алсуурхан ард хоцорсон.

Нэг л мэдэхэд сургуульд орох болж, форм, цүнхээ бэлдэв. Хамгийн хөгийн нь надад зориулж авсан форм, форм ч гэлтгүй шинэ хувцас дандаа л томдчихно. Зулай дээр гишгэж төрсөн ахын нар гарах нь тэр. Манай хүн дандаа шинэ хувцас өмсч, харин надаа багадсан, хуучин хувцас нь ирнэ.

Онц сурвал орос форм авч өгнө гэсэн ээжийн болзлыг хангахаар ихэд хичээсээр хүслээ гүйцэлдүүлэв. Харин авчирч өгсөн орос форм нь ахад таарч, надад томдох нь тэр. Дахиад л багадахыг нь баахан хүлээх болов. Хичээлдээ нойлтсон ахыгаа “00-ийн ногоон тэг”-ээр нь дуудах эрх л надад “таарав”.

Зуны амралтаар өдөр өнжүүлэхэд явна аа. Зугаатай, гоёхон өдрүүд ээлж дараалан өнгөрнө. Манай “00-ийн ногоон тэг” муу сурсан учраас өдөр өнжүүлэхэд яваагүй юм. Өдөр болгон хүүхдүүдтэй тоглож, бас хатаамал хийхээр эрвээхэйг амьдаар нь номны завсар хавчуулна. Өдөр өнжүүлэхийн ч хугацаа дуусав. Ээнэгшиж дассан хүүхдүүд салах болсон нэг л гунигтай. Охидууд уйлж, хөвгүүд шоолно. Хамгийн гоё нь бидэнд тэгэхэд “Хотол бялуу” өгсөн юм. Хүүхдүүдээс нууж, бялууны булангаас жаахныг долоовор хуруундаа түрхээд хуруугаа долооно. Өгөхгүй дээ гэсээр гэртээ ирэхэд “Агаагийн дүү” гэсээр би ээжийг ирэхэд баярладаг шиг манай “00-ийн ногоон” тосон гүйх нь тэр. Гэнэт толгойд формыг нь авах мэргэн санаа гялс хийв. “Хотол бялуу” ямар гоё амттай гээч. Гэхдээ орос форм түүнээс ч илүү болохоор ховдог  ахдаа,

-Формоо бялуугаар солих уу гэчихлээ. Толгой сэгсэрч байна шүү. Гайхуулж сурсан юм болохоор бялуунаасаа аваад л албаар тамшаан үмхэж эхлэхэд тэссэнгүй.

-За за, агаагийн дүү байж бай. Би формоо аваад ирье гэж нөгөө өрөө рүү гүйчихэв. Ихэнхийг нь идэхээс сэрэмжилсэн “Ногооноо” маань гялс формоо бариад ирэх нь тэр. Наймаа тохиров. Пологдтлоо бялуу идсэн ах маань орой гэдэс нь эвгүйрч ээжид баахан зэмлүүлэх нь тэр. Хөөрхий минь, баахан “сур харваад” формоо алдсан даа. Тэгэж би гэдэг хүн Монгол хилэн формоосоо анх салж, орос формоор гангарч билээ. Тэр өдөр зургадугаар сарын 1 байсныг сайн санаж байна. Хурдан гүйдэг сандаалаа өмсөөд хичээлгүй хэрнээ, офицерийн хувцас шиг формоо индүүдэн өмсөөд парк явсан сан. Тэгэхэд хэн ч над шиг ганган байгаагүй юм даа. 

Одоо бодоход ах минь намайг дандаа өмөөрч, хүртэх ёстой чихэр, жимсээ хасуулан эрхлүүлж, хүүхэд шигээ бөөцийлж намайг өсгөсөн юм. Муу сурлагатай ч байгаагүй л дээ, миний л өгсөн хоч.    

Энэ л хүүхдийн баяр одоо ч нүдэнд харагддаг. Хамгийн гоё хүүхдийн баяр минь тэр байсан. Гэнэн цайлган, хүсэл, мөрөөдлөөр дүүрэн, томчуудын “мулгууг” нь гайхсан, тэдний гаргадаг тэнэг алдааг хэзээ ч гаргахгүй сайн хүн болохоор тэмүүлсэн цав цагаан цаас шиг цайлган сайхан хүүхэд нас.

Айл бүхэнд хүүхдийн цовоо дуу цангинаж, хүүхэд бүхэн хөөр баяраар дүүрэн хөгжилдөж байг ээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж