“Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр /2016.05.31/ “Blue Sky” зочид буудалд боллоо. Уг төслийн хүрээнд дулааны цахилгаан станцуудаас гарч буй хаягдал, үнсийг барилгын материалд ашиглах үндэсний шинэ “MNS3927:2015”стандартыг баталснаараа онцлог юм. Энэхүү “Switch Asia” төслийг санхүүжүүлэгчээр Европын холбооны Чех улсын Хөгжлийн агентлаг ажилласан бөгөөд хэрэгжүүлэгч байгууллагаар “Каритас Чех” олон улсын байгууллага ажиллажээ.
Хаалтын хүндэтгэлийн ажиллагааг нээж Бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Иванна Гроллова, Европын холбооны Атташе Ронан Печеур, “БОНХАЖЯ”, “IV цахилгаан станц”, “Барилгын хөгжлийн төв” зэрэг байгууллагуудын төлөөлөгчид үг хэлэв.
Энэ төслийн үр дүнд барилгын материал үйлдвэрлэгч 15 компани үнсэн орцтой хөнгөн блок, хөндийт блок болон хуурай хольцийг үйлдвэрлэлдээ ашиглаж эхэлжээ. Төсөлд оролцогч талуудын ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Тэдний байр суурийг хүргэе.
Бүгд найрамдах Чех улсын Элчин сайд хатагтай Иванна Гроллова: Хамгийн үр дүнтэй төсөл боллоо
-Байгальд ээлтэй ногоон барилгын тухай энэ төсөл хамгийн үр дүнтэй нь байлаа. Холбогдох байгууллагын мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж, өөрийн ажилдаа тусгаж чадсан. Гаднаас импортоор оруулж ирж байгаа барилгын материалд бүрэн хяналт тавьж чаддаггүй. Тиймээс эрүүл мэндэд хоргүй, дотооддоо Европын стандартын барилгын материалтай болно гэдэг давуу тал юм. Энэ төслийн үр дүн маш сайн байна.
Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж: Үнснийг дахин ашиглах “Эрдэс хэмнэлтийн үйлдвэр” удахгүй нээлтээ хийнэ
-Манай байгууллага энэ төслийг хэрэгжүүлэх лаборатори, техникийн төслийг хариуцаж ажилласан. Мөн судалгаа ,шинжилгээгээр цахилгаан станцын хаягдал үнсийг барилгын материал болгон үйлдвэрлэж болно гэдгийг нотолсон. Энэ төсөл цаасан дээр хаалтаа хийж байгаа болохоос амьдрал дээр эхлэл нь тавигдаж буй юм. Одоо “IV цахилгаан станц”-ын үнсний хаягдлын сан дээр “Эрдэс хэмнэлтийн үйлдвэр” нэртэй үнсийг дахин боловсруулах үйлдвэрийг байгуулаад, сарын дараа ашиглалтад орох гэж байна. Цахилгаан станцын хаягдал үнсийг усаар шүршиж, дагтаршуулж, шороогоор дардаг байсан. Харин тэрхүү нойтон үнсийг хатааж, тээрэмдээд барилгын материалд ашиглах бүтээгдэхүүн хийнэ гэсэн үг. Мөн хөнгөн бетон блокны үйлдвэрүүд элс, шохой, цемент зэргийг өргөнөөр ашигладаг. Гэтэл барилгын материалын орц болох элсийг үнсээр бүрэн орлуулах боломжтой. Үнсийг зөвхөн хаягдал гэж ойлгож байсан бол өнөөдөр барилгын материал хэрэглэж болсон.
Дулааны IV цахилгаан станцын Судалгаа хөгжлийн албаны дарга Г.Галбадрах: Жилд 27 мянган тонн үнс нийлүүлж байна
-Манай байгууллага энэ төсөлд байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай үнс нийлүүлж, хамтарч ажилласан. Үнсийг барилгын материалд хэрхэн нэмэлт орцоор ашиглаж болох шинэ стандартыг баталлаа. Манай “IV цахилгаан станц” хаягдал үнсээ усаар шүрших болон хуурайгаар тээвэрлэдэг. Жилд манай станцаас 340 мянган тонн хаягдал үнс гардаг. Өмнө нь хувийн барилгын материалын үйлдвэрүүдэд жилдээ 5-7 мянган тонн үнсийг нийлүүлдэг байсан. Энэ төслийн үр дүнд 27 мянган тонн буюу нийт үнсний найман хувийг барилгын материалд нийлүүлэх болсон юм. Цаашдаа барилгын материалын үйлдвэрүүдэд 100 хувь нийлүүлэх зорилт тавьж ажиллаж байна.