УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр Цагдаагийн ерөнхий газарт очиж, бужигнуулсан тухай дуулиан өнөөдөр ид гал авалцуулж байна.
Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарлаж суусан тэрбээр Цагдаагийн ерөнхий газарт нэлээн уур унтуутайгаар орж ирэн “Р.Чингистэй уулзана. Уулзуулаадах” гэж тушаал буулгажээ. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын дарга эзгүй байсан гэнэ. Иймээс Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Осортой уулзжээ.
Энэ үеэр О.Баасанхүү гишүүн “Яахаараа Н.Энхбаяр даргыг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлаад байгаа юм бэ. Ялгүй хүнийг ялтай хугацаа нь дуусаагүй гэж бичиг гаргаж ирж байгаа чинь хууль зөрчсөн хэрэг” гэж буруутгажээ.
Үүнд нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Осор “Энэ хүний үйлдсэн хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдаагүй. Ийм хүнийг Цагдаагийн байгууллага ялгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй. Энэ асуудлыг шүүх хэлэлцээд “Ялгүй” гэсэн тогтоол гаргах юм бол тэр бичгийг нь гаргаж өгнө” гэх тайлбар хийсэн байна.
Энэ тухай нь бид УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс лавлахад “Мэдэхгүй. УИХ-ын гишүүн хаана ч чөлөөтэй нэвтрэх эрхтэй. Р.Чингистэй 10.30 цагт уулзахыг хүссэн ч ирэхгүй байна” гэсэн тайлбар хийсэн юм.
Г.ДАРЬ