Шилийн богд, Отгонтэнгэрийн магтууг сонордоорой

Хуучирсан мэдээ: 2016.05.31-нд нийтлэгдсэн

Шилийн богд, Отгонтэнгэрийн магтууг сонордоорой

"Завхан гол", "Дуут нуур", "Шилийн богд" гээд түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууны шүлгийг туурвисан тал нутгийн билэг танхай найрагч Намсрайн Лутбаярын тайлан тоглолт өнөө орой 19.00 цагаас UB palace-н концертын танхимд болох гэж байна. “Хийморийн Шилийн богдыг хойморын Отгонтэнгэртэй золгуулсан цэнгүүн”-д МУГЖ С.Батсүх, Х.Үнэнхүү, Ц.Түвшинтөгс, Чингис хаан хамтлагийн дуучин, МУГЖ  Д.Жаргалсайхан, МУГЖ поп дива, МУГЖ Б.Сарантуяа  болон дуучин Ч.Батцэнгэл, залуу дуучин Г. Машбат, н.Дашдэмбэрэл нарын уран бүтээлчид оролцох юм байна. Энэ удаагийн тоглолт яруу найрагчийн хувьд бие даасан тав дахь тоглолт бөгөөд есөн жилийн дараа болж байгаагаараа онцлог юм.

Яруу найрагч Н.Лутбаяр “Хийморийн Шилийн богдыг хойморын Отгонтэнгэртэй  золгуулсан цэнгүүн”-ээ өөрийн ээж, эмээ нартаа төдийгүй Монголын мянга, мянган эхчүүдэд зориулж байгаа ажээ. Цэнгүүний үеэр олон шинэ дуугаар үзэгчдийнхээ сонорыг мялаана гэдгээ уран бүтээлч тодотгож байлаа.

Дашрамд сонирхуулахад, яруу найрагч Н.Лутбаярыг хүмүүс Завхан нутгийн хүү хэмээн өргөмжилдөг. Гэвч тэрбээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул бөгөөд Завхан нутагт олон жил ажиллаж, амьдран, Завханы уран бүтээлчидтай хамтран олон бүтээл туурвисан учир ийн эндүүрдэг ажээ. Тиймээс ч тэрбээр уран бүтээлийн цэнгүүнээ уугуул, суугуул хоёр нутгийнхаа их хайрханы нэрээр нэрлэсэн  гэнэ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж