Хувь хүний орлогын албан татвар төлсөн хүмүүс жилдээ нэг удаа тодорхой хувийг буцааж авдаг. Ингэхдээ тодорхой нөхцөлтэйгээр олгодог юм. Шинээр байр орон сууцтай болсон, байшин барьсан, хүүхэд нь оюутан болсон хүмүүсийн хувьд төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг.
2015 оны татварын тайлангаа өгсөн 71,9 мянган иргэний татварын буцаан олголтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Эхний ээлжийнхэн дөрөвдүгээр сард татварын мөнгөө авсан бол хоёрдугаар ээлжийнхэнд өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2016.05.26/ буцаан олголтыг нь өгсөн.
Харин зарим иргэний дансанд буцаан олголтын мөнгө нь ороогүй гэсэн гомдол мэдүүлэх болов. Энэ талаар Гааль, татварын ерөнхий газраас тодруулахад:
-Мөнгийг Төрийн сангаас шилжүүлж байгаа. Уг нь материалаа бүрдүүлж өгсөн бүх хүнд олгох ёстой. Харин татварын буцаан олголтын материал бүрдүүлж өгөх, байгууллага хооронд дамжуулах явцад нэр болон дансны дугаар нь буруу бичигдсэнээс зарим иргэний буцаан олголтын мөнгө ороогүй байхыг үгүйсгэхгүй.
-Хэдэн хүний мөнгө саатаад байна вэ. Хэзээ олгох бол?
-1320 хүний татварын буцаан олголт өгөгдөөгүй байна. Нэр, дансыг нягтлан шалгаад энэ долоо хоногийн Баасан гаригаас хэтрүүлэхгүй олгоно гэлээ.
Энэ жилийн хувьд 71,9 мянган иргэнд 44.1 тэрбум төгрөгийг буцаан олгож буй ажээ. Үүнээс 33.1 мянга нь нийслэлчүүд бөгөөд нийслэлийнхэн 24.5 тэрбум төгрөгийн албан татварын буцаан олголт авч байна.
Д.ЦЭЭЛ