Чихрийн цаасан дээр бичсэн үлгэрүүд гэнэ үү? Ямар сонин юм бэ? Үнэхээр тийм ном гарчээ. Хүүхэд чихрийг ихэд амтархан иддэг боловч цаасыг нь хаячихдаг. Тэгтэл зохиолч түүнийг нь шүүрч аваад үлгэр бичиж орхижээ. Чихрийн цаасны тийм жижигхэн зайд үлгэрээ багтааж бичсэн л байгаа юм даа. Харин гаргаж буй санаа нь том. Бараг л туужаар хэлэх санааг чихрийн цаасанд багтаан бичсэн нь сонин.
Эхний үлгэр нь "Улаан малгайт", "Францын их үлгэрч Шарль Перрогийн "Улаан малгайт"-ыг дэлхий дахинаараа мэднэ. Гэвч түүнийг хуулсангүй. Ингэж бичжээ. Эмээ нь ач охиндоо "Улаан малгайт" үлгэр ярьж өгчээ. Тэгтэл ач охин нь яав? Өөрийнх нь хайртай эмээг чоно залгичихсан мэт санагдаж, үлгэрийг өөрчлөн зохиов. Эмээгийнх нь бие муу байгааг сонсоод чоно ойгоос эмийн ургамал түүж, охиныг нуруундаа суулган давхин хүрлээ. Тэгээд эмээг нь эдгээжээ. Тэр чоно өмнө нь тэдний хонь руу дайрахад аав нь уургалж авчраад тэргэнд хүлж орхижээ. Уйлаад байхаар эмээ нь тэр чоныг өрөвдөөд суллан тавьсан юмсанж. Сайхан сэтгэлт эмээгийн ачийг чоно бас ачаар хариулжээ. Франц үлгэрт хүн залгидаг чоно гардаг бол монгол үлгэрт сайхан сэтгэлийг сайхан сэтгэлээр хариулдаг чоно гарч байна. Ухаант хүн, хээрийн амьтан хоёр амь нэгтэйг энэ үлгэрт дүрслэн харуулжээ. Нөгөө талаар аливаа алдартныг бишрэн шүтэх биш өөрийнхөөрөө өөрчилж болох юм байна гэсэн санааг хүүхдэд төрүүлж байна. Бусдыг аялдан дагадаггүй өөрийн гэсэн өвөрмөц бодолтой хүн л шинэчлэлийг хийдэг. Магадгүй, шинэчлэгч болох эхлэлийг нь энэ үлгэр тавьж ч мэдэх юм.
Нэгэн шаазгай "Хүмүүс зах зээлд орж дэлгүүр нээж их ашиг олж байна" хэмээн зар тарааж яваагаар "Ойн дэлгүүр" үлгэр нь эхэлж байна. Ойн амьтад бүгд л хүмүүсийг дуурайж дэлгүүр нээжээ. Тэгтэл түүнийг нь худалдан авах амьтад байдаггүй гэнэ. Амьтан бүхэн худалдагч болсон болохоор хэн худалдан авах билээ дээ. Бүгд бие биенээ харан инээлдсэн ч бүтэн жил идэх хүнстэйгээ үлджээ. Тэгэхээр ашиг олоогүй гэж яаж хэлэх вэ? "Ойн дэлгүүр" гэдэг энэ үлгэрийг хүүхдүүд өөр өөрийнхөөрөө бодож ярилцах боломжтой. Тэг ингэ! гэсэн санааг хүүхдэд тулгалгүй, өөрийн гэсэн өвөрмөц бодолтой болоход нь "Чихрийн цаасан дээр бичсэн үлгэрүүд" ном лавтайяа туслаж чадна. Номын зургийг Орчлон сургуулийн 3 дугаар ангийн сурагч Ж.Хонгорзул өөрийн өвөрмөц сэтгэлгээгээр зурж, "Интерпресс" хэвлэлийн компанид чанарын өндөр түвшинд хэвлэжээ.
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж "Учиртай гурван толгой" хэмээх үеийг эзэлсэн алдарт дууриа чихрийн цаасан дээр бичсэн гэлцдэг. Тэгвэл хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог бяцхан уншигчдад зориулсан үлгэрээ чихрийн цаасан дээр бичиж, том санааг бага зайд багтаах оролдлого хийжээ. Номынхоо оршилд зохиогчийн хэлснээр бага балчир хүүхдийн тэвчээр нь туулайн сүүл шиг богинохон байдаг болохоор тэдэнд зориулсан үлгэрээ чихрийн цаасны хэмжээнд охорхон бичих аргыг сонгожээ.
Манай хүүхдийн утга зохиолын ертөнцөд "Чихрийн цаасны үлгэр" гэдэг шинэ төрөл зүйл гарч ирж буйг ч үгүйсгэх аргагүй. Тэгээд ч Монголчууд "Бага ч гэсэн чанартай нь дээр" гэлцдэг шүү дээ. Ер нь Ж.Дашдондогийн уран бүтээлийг нийтэд нь ажиглахад хэлбэр хийцийн хувьд томоос жижиг рүү, хэл найруулгын хувьд тоочихоос товчлох руу, утга санааны хувьд гүехэнээс гүнзгий рүү оюун билгийн нүүдэл хийж яваа мэт санагдана.
Д.БАЯРМАА
МУБИС-Багшийн сургуулийн оюутан