Иргэний зориг, ногоон намыг /ИЗЗН/-ыг УИХ-ын энэ удаагийн сонгуульд бие даан оролцуулахгүй байх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. СЕХ-ноос гаргасан шийдвэрийг хууль бус, хэмээн ИЗНН мэдэгдэж, хоёр шатны шүүхэд хандсан байна. Тэгвэл Улсын дээд шүүх өчигдөр буюу тавдугаар сарын 30-нд уг маргааныг хэлэлцээд ИЗЗН сонгуульд оролцох боломжтой гэж үзсэн. Энэ талаар тус намынхан өчигдөр мэдээлэл хийсэн билээ.
ИЗНН ирэх сонгуульд оролцох эсэх талаар зөрчилтэй байр суурийг намын гишүүд нь илэрхийлээд байна. Тус намаас өгсөн хоёр талдын байр суурийг хүргэж байна.
ИЗНН дангаараа сонгуульд оролцоно
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг
-Ингэхэд ИЗЗН сонгуульд оролцох эрхтэй болсон гэж ойлгож болох уу?
-Болно. СЕХ-ноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн хулуь бус шийдвэр гаргасан. Бид сонгох, сонгогдох эрхээ хамгаалуулахын тулд Улсын дээд шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээс ИЗНН бол сонгуульд оролцох эрхтэй гэж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Тиймээс ИЗНН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй боллоо. Бид нэгэнт хууль ёсны дагуу буруугүй гэдгээ тогтоолгосон тул нэр дэвшигчээ тодруулна.
-Нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?
-Улсын дээд шүүхийн шийдвэр албажиж СЕХ-нд хүргэгдэх байх. Үүний дараа СЕХ хуралдаж шийдвэрээ гаргах болов уу. СЕХ-ноос гаргасан шийдвэрийн дараа бид нэр дэвшигчээ тодруулна.
-Сонгуулийн тухай хуульд тавдугаар сарын 23-28-ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстой гээд заачихсан. Хуулийн хугацаа чинь дууссан шүү дээ. СЕХ нэр дэвшигчдийг чинь хүлээн авахгүй бол яах вэ?
-Манай намын буруугаас биш СЕХ-ны буруугаас болсон учраас хариуцлагаа СЕХ хүлээх ёстой. ИЗНН-ыг нэгэнтээ Улсын дээд шүүх сонгуульд оролцох эрхтэй гээд шийдвэрлэчихсэн болохоор СЕХ хуулиа дагах байх гэж бодож байна.
-ИЗНН сонгуульд дангаараа оролцох уу?
-Дангаараа оролцоно.
-Танай намын зарим хүмүүс Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ ИЗНН зарласан гээд байгаа шүү дээ.
-Улсын дээд шүүхээс ИЗНН-ыг талд шийдвэр гаргасан. Ардчилсан намын дэмжинэ гэж хэсэг хүмүүс л шийдсэн. Манай нам тийм шийдвэр гаргаагүй. Тиймээс сонгуульд дангаараа оролцоно.
ИЗНН шийдвэрээ гаргасан
ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.Хүрэлсүх:
-Шүүхээс ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцох боломжтой гэсэн шийдвэр гаргалаа. Гэхдээ Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд тавдугаар сарын 27-нд багтаан УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах үүрэг хүлээж байсан. Энэ хугацаа өнгөрсөн, ийм тохиолдолд ИЗНН сонгуульд оролцох гарц байгаа юм уу. Танай намын дарга Ц.Ганхуяг ИЗНН УИХ-ын сонгуульд оролцоно, ойрын хугацаанд нэр дэвшигчдээ тодруулна гэх?
-Шүүхийн шийдвэр ИЗНН-ыг сонгуульд бүртгэх ёстой гэж гарсан. Намын дарга Ц.Ганхуяг ИЗНН УИХ-ын сонгуульд оролцох боломжтой гэж яриад байгаа. Гэхдээ Үндэсний хорооноос ИЗНН нь УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцоно гэдэг шийдвэрээ нэгэнтээ гаргачихсан шүү дээ.
Хэрвээ УИХ-ын сонгуульд дангаараа оролцоно гэх юм бол анхан шатанд энэ асуудлыг эргэж ярих шаардлагатай болно, улмаар Үндэсний хороогоо зарлан хуралдуулж таарна.
Б.БАТ, Г.ДАРЬ