Хятадын Ардын банк есөн сарын өмнө уламжлалт мөнгөний бодлогоосоо гэнэтхэн татгалзаж, илүү чөлөөтэй болгохоо зарласан билээ. Гэтэл одоо юанийн зах зээлийн ханшинд хэн ч итгэхгүй байгаа юм.
Хятад урьдын адил өдөр бүр хатуу ханш зарлан валютын хяналтаа барьж байна. Үүнийг зах зээлийн механизм гэж хэлэхэд хүндрэлтэй байна.
Хэн Хятадын валютын ханшийг тогтоодог вэ?
БНХАУ-ын дарга Си Жиньпины толгойлдог Хятадын коммунист нам тус орны валютын бодлогын ерөнхий чиглэлийг тодорхойлдог.
Хятадын Ардын банк ханшийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Бие даасан бодлого байхгүйгээс Хятад Төв банк төрийн бусад удирдах байгууллагатай валютын хяналтын асуудлаар зөвлөлдөх шаардлагатай болдог бөгөөд энэ сонирхлын зөрчилд хүргэх тал бий.
Өнгөрсөн зун хийсэн валютын шинэчлэлийн урьдатгал нь юу байв?
Энэ шинэчлэл нь юанийг ОУВС-гийн сагсанд оруулах эрмэлзлэлд үндэслэсэн байв. Үүнтэй зэрэгцэн ханшийг илүүтэй зах зээлийн болгож юанийг сулруулахын хэрээр Төв банкинд дарамт улам их ирэх болов. Наймдугаар сарын 11-нд Төв банк нь нэг сумаар хоёр туулайг буудахыг оролдов. Юань “арай зах зээлийн шинжтэй” болж мөн ам.доллартай харьцуулахад хоёр хувиар уналаа.
Валютын зах зээл чөлөөтэй болж чадсан уу?
Хятадын Ардын банк нь одоо ам.доллараас гадна валютын сагстай харьцах юанийн хөдөлгөөнийг илүүтэй анхаарч байгаа. Гэтэл наймдугаар сард хүлээн авсан механизмаа зүгээр л хөнөөсөн нь практик дээр харагдлаа.
Албан ёсны ханшийг өдөр бүр тогтоож байсан хуучин практикдаа Төв банк эргэн орж валютын интервенцээр зах зээлийн ханшийг тогтооно гэсэн найдлагатай байна.
Валютын ханшийн шинэчлэлээс яагаад татгалзав?
Зах зээлийн савалгаа, Хятадаас мөнгөний урсгал гадагшлахтай холбоотой түгшүүр зэрэг нь Хятадын удирдлагыг тогтвортой валюттай байх хуучин байр суурьт нь эргэн авчирлаа.
Ханш тогтвортой байхад өрийн эргэн төлөлтийг төлөвлөхөд амархнаас гадна зах зээлийн үнийн савалгаа их байгаа нөхцөлд юанийн ханшийг буулгах нь компаниудын санхүүгийн байдлыг муутгах магадлалтай.
Үүний зэрэгцээ, Хятадын худалдааны түншүүд нь юанийн хэтэрхий хурдан суларч байгаад дургүй байгаа. Асуудлыг өөр аргуудаар шийдсэнээс валютын хяналтаа чангатгах нь Бээжинд амар байгаа бололтой.
Юанийн ханш суларсаар байгаа нь юунд хэрэгтэй байв?
Сүүлийн гурван долоо хоногийн турш юань хүчтэй дарамтад байна. Энэ нь дэлхийн үндсэн валюттай харьцах ам.долларын ханш чангарсантай холбоотой.
Хэтэрхий чангарах эсвэл сулрах байдал гаргалгүйгээр валютаа хянах эрмэлзэл Хятадын Төв банкинд байгаа. Төв банк нь ам.доллартай харьцуулахад хэрэгтэй түвшинд л ханшийг барих хүсэлтэй. Валютын сагсны бусад мөнгийг ч мөн л адил девальвацид байлгах сонирхол байгаа юм.
Одоо бол Хятадын валютын стратег нь ам.доллартай харьцах юанийн ханшийг тогтвортой байлгахад оршиж байна гэж итгэлтэйгээр хэлж болно.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР