Түүнчлэн өнөө, маргаашнаас эхлэн нутгийн зүүн хагаст, 8-наас эхлэн баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 9-нөөс төвийн нутгаар бороо орно. Энэ үеэр салхи зарим газраар ширүүсч, 16-18 метр секунд хүрэх юм байна. Өнөөдөр нутгийн зүүн хагаст эрс сэрүүснэ. Цаашдаа Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө13-18, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 18-23 хэм дулаан байх ажээ.
Ерөнхийдөө долдугаар сарын сүүлээр ихэнх нутгаар халж, 31-36 хэмийн дундаж дулаантай байх юм байна. Энэ сард дуу цахилгаантай усархаг, аадар бороо орох, аянга буух үзэгдэл буйг мэргэжлийнхэн анхааруулж байна. Мөн гол мөрний усны төвшин тухайн үед орсон хур тундасны эрчимшил,хэмжээнээс шалтаалан өмнөх өдрийнхөөс огцом нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлалтайгаас гадна түр зуурын аадар борооны улмаас үерийн аюултай байдал үүсч болзошгүй байна. Иймд иргэд баяр наадмын үеэр үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа.