Баян-Өлгий: Хуучны эсрэг хуучин

Хуучирсан мэдээ: 2016.05.31-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий: Хуучны эсрэг хуучин

Баян-Өлгий: Хуучны эсрэг хуучин

2016 оны УИХ-ын сонгуульд 11 нам, гурван эвсэл өрсөлдөхөөр болж, тавдугаар сарын 4-нд Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардсан бол тавдугаар сарын 27-нд багтаан нэр дэвшигчдээ тодрууллаа.

УИХ-ын сонгууль нь жижиг 76 тойргоор зохион байгуулагдахаар болсон. Энэхүү зохицуулалтыг дагаад хүн амын тоо /97387/, нутаг дэвсгэрийн хэмжээ зэргийг харгалзан үзэж Баян-Өлгий аймгийн мандатын тоог гурваар тогтоосон юм.

Үндэсний цөөнхийн төлөөлөл болсон дээрх аймагт улс төрийн намууд 1992 оны УИХ-ын сонгуулиас эхлэн тасралтгүй казах хүнийг нэр дэвшүүлж, сонгож иржээ. Энэ удаад ч Ардчилсан нам, МАН уламжлалаа эвдсэнгүй.

А.Бакей, Голтан хоёрын хэн нь бэ?

УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Өлгий сумын долдугаар багт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Баян-Өлгий аймгийн МАН-ын дарга Г.Солтан нар өрсөлдөхөөр болж, тулжээ. УИХ-ын гишүүн А.Бакей нь 2004, 2012 онд УИХ-д сонгогдож байсан бол Г.Солтан нь хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ерөнхий сайд С.Батболдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

А.Бакей нь эдийн засагч мэргэжилтэй ч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог тасралтгүй дөрвөн жил дараалан удирдсанаараа парламентын түүхэнд онцгойлон бичигдэх болж буй. Хуулиараа Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил боловч УИХ –аас дөрвөн жил дараалан тус Байнгын хороог удирдах даалгавар хүлээлгэсэн юм. Энэ хугацаанд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах гол ажлыг нугалалцсан гэж хэлж болно. “Алтан гадас” фракцад харьяалагддаг тэрбээр нам дотор нь фракцаас татгалзах хөдөлгөөн өрнөх үед “Фракцын дарга нар санаачилга гарган татгалзвал би ч фракцаасаа гарахад бэлэн” гэх байр суурийг илэрхийлсэн удаатай. Гэвч эл хөдөлгөөн УИХ-ын сонгуулийн чимээнд булагдаж, А.Бакей гишүүний фракцаасаа татгалзах санаачилга ч будаа болсон юм. Одоо бол юун фракц, сонгуульд ялах нь чухал болоод байна.

Намууд нэр дэвшигчээ тодруулах их сунгаатай зэрэгцэн Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Солтан Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд асан Ж.Саулегийн мандатыг авах нь гэсэн “бор шувуу” нисээд амжсан билээ.

Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн намууд нь 76 нэр дэвшигчийнхээ 16-г нь эмэгтэйчүүдээс бүрдүүлэхгүй бол нэрсийг нь Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авахгүй нөхцөл байдал үүсэх учраас дээрх “бор шувуу” батлагдахгүй болов уу гэж найдлага тавьсан ч Ж.Сауле нэр дэвшихгүй болж Г.Солтан Бага хурлын гишүүдийн дэмжлэг хүлээсэн. Гэхдээ Ардчилсан нам дээрх тойрогт эрэгтэй нэр дэвшигчид сойх болонгуут дагуулж эрчүүдээ тулгах шаардлага гарсан байхыг ч үгүйсгэх аргагүй.

Х.Эржан, А.Баделханы хэн нь ялах вэ?

УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрог буюу Өлгий сумын 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар багт Ардчилсан нам Х.Эржаныг, МАН А.Баделханыг дэвшүүллээ.

2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам 34 суудал авч, Засгийн газраа байгуулахдаа Х.Эржаныг Зам тээврийн дэд сайдаар томилсон. Үүнийг нь МАН-ын эсрэг зохион байгуулсан жагсаалынх нь шагналын үнэлгээ гэж дүгнэсэн нь ч бий.

З.Энхболдын танхим Шинэчлэлийн Засгийн газрыг унагаж, Шийдлийн Засгийн газар бүрдэхэд Ардчилсан намаас томилогдсон дэд сайдуудын бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход Х.Эржан дээрх сэлгээнд өртөлгүй албан тушаалдаа үлдсэн ч УИХ-аас дэд сайд нарыг цомхотгох шийдвэр гаргаснаар чөлөөлөгдөж байв.

2008 оны УИХ-ын сонгуульд А.Баделхан казах түмний итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон бол 2012 онд өвдөг шороодсон. Гэвч МАН түүнийг хаясангүй, УИХ дахь бүлгийн ажлын албандаа авч ажиллуулж, улмаар Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтрангуут Аж үйлдвэрийн дэд сайдаар илгээж байв. Дээрх суудал руу зүтгэж байсан хүн олон ч намын даргатай ойр гэдгээрээ А.Баделханд эл албан тушаал ирсэн гэх нь бий. Гэвч найман сарын дараа нь МАН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарснаар дэд сайдынхаа албанаас чөлөөлөгдсөн юм.

Сонгогчид Х.Эржан, А.Баделхан нарын хэнд нь итгэл хүлээлгэх бол.

Д.Мурат, А.Тлейхан нар туллаа

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог буюу Алтай, Буянт, Толбо, Булган, Дэлүүн, Алтанцөгц, Баяннуур сумдад Ардчилсан намаас Д.Мурат, МАН-аас А.Тлейхан нар нэр дэвшлээ.

Д.Муратыг нутгийнхан нь “Зуухны Мурат” хэмээн тодотгодог байна. УИХ-ын гишүүн А.Тлейхан нь 2008 оны сонгуулиас эхлэн парламентын гишүүнээр сонгогдсон. Энэ хугацаанд эрчим хүчний салбарыг бие даан хөгжүүлэх бодлогыг гардаж батлалцсан байдаг. Нутагтаа ч, намдаа ч нэр сайтай яваа Тлейханыг дахин сонгох уу, сонголтоо өөрчлөх үү гэдэг нь ирэх зургаадугаар сарын 29-ний санал хураалтаар эцэслэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж