Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгуулийн урт хугацааны ажиглагчид Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд ажиллаж эхэлжээ. Тэд өнгөрсөн онд шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн орчинд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж буй сонгуулийн бэлтгэл ажил, сонгуулийн үйл явцад ажиглалт хийж байгаа юм.
"Цензургүй яриа", "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгийн редактор, хөтлөгч Л.Мөнхбаясгалан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны гишүүнээр элсч, Монгол Улстай холбоотой оффшор дансны тухай мэдээлэл авахаар явах гэж байхад нь гадаадад зорчих эрхийг нь хориглосон хэмээн хэвлэлийн хурал хийн, мэдэгдсэн. Болсон үйл явдалтай холбогдуулан Монголын өдөр тутмын сонинуудын холбоо мэдэгдэл гаргажээ. Энэ үйлдлийг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь хөндлөнгөөс санаатайгаар саад учруулсан хэмээн үзэж, эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /ШЕЗ/ өчигдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2016 оны 6 сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан мэдээлэл хийжээ. Энэ ажлын бэлтгэл үндсэндээ хангагдсан хэмээн ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдээлсэн байна. Шинэ зохицуулалтаар 15 шүүх нэмж байгуулна. Энэ ажилд нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн зардал гарна хэмээн тооцоолсон. Тэгвэл энэ зардлыг ШЕЗ нэмэлт зардалгүйгээр, одоогийн төсвөөрөө зохицуулахаар болжээ.
"Guys" хамтлагийнхан гурван гишүүнтэй болжээ. Залуусын сонсох дуртай хамтлагийн нэг гишүүн хар тамхины хэрэгт холбогдоод байгаа энэ үетэй давхцан Х.Бат-Ундрал хамтлагаасаа гарсныг хамтрагчид нь өчигдөр мэдэгдлээ. Хар тамхины асуудалд дуучин Х.Бат-Ундрал холбоотой эсэхийг "Guys" хамтлагийнхнаас асуухад “Х.Бат-Ундрал сар гаруйн өмнө хамтлагаасаа гарсан. Тиймээс бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл алга. Тэгээд ч гарсан гишүүнийхээ талаар ямар нэгэн зүйл яримааргүй байна” гэжээ.
Хүүхдийн баярын үйл ажиллагаатай холбоотойгоор хотын захын, харъцангуй хүн амын төвлөрөл ихтэй 18 чиглэлээс Чингисийн талбай хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг хүүхэд багачууддаа зориулж үнэгүй явуулахаар боллоо. Тодруулбал , Шархад, Улиастай, Сэлбэ, Жанжин клуб, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Толгойт, Зүүн салаа, Зайсан, Нисэх, Яармаг, Баруунсалаа, Хайлааст, Чингэлтэй, 3,4-р хороолол, 5 шар, Офицеруудын ордон гэсэн чиглэлүүдээс нийтийн тээврийн тусгай чиглэлийн автобусууд өглөөний 08:00 цагт хөдөлж Чингисийн талбайд ирэх юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын 10 гаруй гишүүн өнгөрсөн бямба гаригаас эхлэн Тусгаар тогтнолын талбайд өлсгөлөн зарласан. Энэ үйлдлийг нь Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх буруутгаж, хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрбээр “Сонгууль бүрийн өмнө МАХН-ын дарга ийм үйлдэл хийдэг. Энэ нь сонгогчдын анхаарлыг өөртөө татах гэсэн арга. Гэвч дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Хэрвээ тус намынхан өлсгөлөнгөө зогсоохгүй бол хууль хяналтын байгууллагад хандах болно” гэж мэдээлжээ.
Ажилгүйчүүдийн 60 хувийг ид хийж бүтээх насны залуус эзэлж байна. Энэ тухай Чингисийн талбайд болж буй “Хөдөлмөрийн яармаг”-ийн үеэр албаныхан ярилаа. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн хүрээлэнд 48 мянган хүн ажил хайж, бүртгүүлжээ. Түүний 60 хувь нь залуус байгаа аж. Тэр дундаа 30 хувь нь бүрэн дунд боловсролтой, 20 хувь нь бакалаврын болон техникийн мэргэшилтэй залуучууд ажилгүйчүүдийн эгнээг эзэлж байна. Тиймээс энэ удаагийн хөдөлмөрийн яармагийг залууст чиглүүлэн зохион байгуулж байгаа гэлээ.