Ээж аавын гаргаж байгаа үйлдэл хүүхдүүдэд маш ихээр нөлөөлдөг гэдгийг бид мэддэг ч, тэр болгон анхаарлаа хандуулаад байдаггүй. Өсвөр насны охид ч ээжээсээ хамааралтай байдаг ба 13-18 насны 1100 охидын дунд судалгаа хийснээр 63% нь ээжийгээ үлгэр дуурайллаа болгодог бол 48% нь асуудал тулгарсан үед ээжээсээ тусламж эрдэг байна. Харин 15% нь л найзуудтайгаа хамгийн түрүүнд зөвлөлддөг гэжээ. Охидын нас бага байх тусмаа ээжээсээ хамааралтай байх нь ихэсдэг ба ээжүүд бага насны охидынхоо хувьд бүх зүйл нь болдог. Таны хэлж хийж байгаа, хийж байгаа үйлдэл болгоныг охидууд дуурайж, ертөнцийг харах өнцгөө, зан аашаа бий болгож байдаг. Тиймээс та хамгийн түрүүнд хэлэх үгээ, ялангуяа хов жив маягийн зүйлс ярихдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэр тусмаа хов жив ярихдаа болгоомжтой байгаарай! Учир нь та хүмүүст хэрхэн хандаж байна охид чинь мөн тэр жишгээр явах болно. Судалгаагаар охидууд 7 настайгаасаа эхлэн ээжийнхээ үйлдлийг дуурайж эхэлдэг ба жишээ нь гэдсээ татах, өөрсдийгөө тарган гэж үзэх гэх мэтээр ярьж эхэлдэг. Үүнийг сайн тал руу нь эргүүлэхийн тулд спортоор хичээллэж, чөлөөтэй бүжиглэх зэргээр охиндоо өөрийнхөө биеийг хайрлахыг зааж өг.
Аавуудын нэг чухал үүрэг бол охидынхоо гаднах төрхийг нь магтах биш, гаргасан сайн зан авир, үйлдлийг нь урамшуул. Ингэснээр охид эрэгтэйчүүдэд зөвхөн гаднах төрхөөрөө сайхан харагдах нь чухал биш гэдгийг ойлгож өснө.
ӨӨРИЙНХӨӨ ОНЦЛОГ БАЙДЛЫГ ХАЙРЛАХАД НЬ ТУСАЛ
Бага сургуулиас ахлах сургуулийн хооронд охидын өөртөө итгэх итгэл хөвгүүдээс 3.5 дахин буурдаг учраас тэдний онцлог чанаруудыг нь сайшааж, урамшуул. Өсвөр насны үед охид өөрсдийгөө аав ээжээсээ тусдаа хувь хүн гэдгээ илүү мэдэрч эхэлдэг учраас янз бүрийн зан авир, дүр төрхөнд хувирч өөр дээрээ туршилт хийж үздэг. Харин багаасаа өөрийнхөө онцлог чанаруудыг мэддэг, үүндээ сэтгэл хангалуун байдаг охид энэ төвөгтэй үеийг асуудал багатай өнгөрүүлдэг. Ягаан эдлэлээр булхахынхаа оронд, музей, номын сан, галерей дагуулж явснаар охид чинь өөрийн сонирхлоо олж нээхэд дөхөм болно. Өсвөр насандаа өөрийн сонирхол хоббигоо олж авснаар сэтгэл санааны тэнцвэргүй, уур уцаартай байдлыг илүү хялбараар давдаг байна. Зарим охидын авъяас , сонирхол тодорхой байдаг бол бусдад нь хөтөч хэрэг болдог. Тиймээс та охидынхоо шинэ зүйлс олж нээхэд нь туслах хөтөч нь болоорой.
ОХИДЫНХОО ГАРГАСАН АЛДААГ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАХ ВЭ?
Охидод багаас нь сайн охид гэдэг бол ийм ийм зүйл хийдэг, ийм зан ааштай гэж бид кодолж өгдгөөс болж, тэд хэзээ нэг өдөр алдаа гаргаж, “кодоос” гажууд зүйл хийсэн үедээ өөрийгөө доогуур үнэлэх, сөрөг мэдрэмжүүд хуримтлагдаж, өөртөө итгэх итгэлээ алддаг. Тиймээс охиддоо алдаа бол амьдралын салшгүй нэгэн хэсэг, тэрнээсээ ухаарч ойлгож авбал хэнээс ч илүү том багш болдог гэдгийг багаас нь үргэлж хэлж ойлгуулах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ бүх юмыг нь хөнгөвчилж өгөн, өмнүүр нь орон хийж өгдөг. Ингэснээр хүүхдүүд алдаа гаргахаас айж, шинэ зүйлсийг өөрсдөө туршиж үзэн суралцахаас зайлсхийж эхэлдэг. Өөрийнх нь насанд тохирсон ажил өөрөөр нь хийлгэн, шинэ зүйлс туршиж үзэхийг санал болгох нь биеэ дааж, эрсдлээс айх байдлыг нь багасгана.
Та бол хүүхдийнхээ амьдралын анхны хөтөч нь юм.
ЭХ СУРВАЛЖ: WWW.PARENTS.COM