Монгол Үндэсний олимпийн хорооны 60 жилийн ойн хүрээнд Монголын бадминтоны холбоо спорт холбоодын дунд бадминтоны АШТ зохион байгуулав. Тэмцээний нээлтэд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
Тус тэмцээнд “Замчин” спор хорооны зааланд энэ сарын 29-нд бүтэн өдрийн турш үргэлжилсэн бөгөөд 15 спорт холбоодын хамгийн шилдэг 30 тамирчин өрсөлдсөн юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага тэргүүн байрт шалгарав. Харин хоёрдугаар байрт тамирчин Монголын талбайн теннисний холбооны тамирчин Р.Эрдэнэбат, удаах байрт Цанын холбооны тамирчин Б.Батчулуун шалгарчээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын волейболын холбооны тамирчин Х.Мижидмаа тэргүүлсэн бөгөд удаах байрт Монголын автомашин, мотоциклийн холбооны тамирчин Б.Хулан, Монголын боулингийн холбооны тамирчин Ц.Уранцэцэг нар шалгарсан юм.
Холимог хосын төрөлд Монголын автомашин, мотоциклийн холбооны тамирчид аваргалж, Монголын талбайн теннисний холбооны тамирчид мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг софттеннисний холбооны тамирчид зүүсэн аж. Медальт байрт шалгарсан тамирчдын шагналыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш Ц.Дамдин гардуулан өгч, тамирчид баяр хүргэн амжилт хүслээ.
Б.ЭНХ