”Хадны сүг зураг бол хүн төрөлхтний хүүхэд нас юм”

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

”Хадны сүг зураг бол хүн төрөлхтний хүүхэд нас юм”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж буй “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, Ойллого, Ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /05.30/ эхэллээ. Уг олон улсын уулзалтад гадны 15, дотоодын 10 эрдэмтэн болон 60 гаруй судлаач, сонирхогчид оролцож, хадны зураг судлах арга зүй, Монгол нутаг дахь хадны зургууд, хадны зургийг тайлах нь зэрэг сонирхолтой илтгэлүүд тавих юм байна. Мөн энэ үеэр зураач Ш.Тэнгисболдын хадны зургаас сэдэвлэсэн уран зургийн үзэсгэлэнг дэлгэж сонирхуулжээ. 

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчидтой ярилцлаа.


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, ТӨСЛИЙН УДИРДАГЧ П.ЦАГААН: МОНГОЛ 500 ГАРУЙ ХАДНЫ ЗУРАГ БҮХИЙ ЦОГЦОЛБОРТОЙ

-Монгол улс хадны сийлмэл зургийн дурсгалаар баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнэ зэргээрээ дэлхий дахины анхаарлыг их татаж байна. Монгол оронд  500 гаруй хадны зураг бүхий цогцолбор газрууд байдаг. ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд Монголын гурван газар багтсаны нэг нь Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгал юм.  Мөн хоймор нутаг болох Хөвсгөлийн Уушигийн өврийн буган чулуун дурсгалд исгэрч буй эмэгтэйн дүрсийг товойлгож хийсэн байдаг. Алтайн нурууны нэг хэсэгт л 70 мянган хадны зурагтай, түүхийн хөшөө дурсгалтай зэрэг түүхэн өвүүд олон бий.


МУСГЗ, ДОКТОР ГО.АКИМ: МОНГОЛООС ГАДНА АФРИК, АВСТРАЛИ ЗЭРЭГ ОРОНД ХАДНЫ ЗУРАГ БИЙ

-Би энэ удаа “Маген Дэвид” буюу “Давхар Чойнжин” гэдэг тамганы тухай илтгэл тавих болно. Уг тамга нь  Израйль улсын төрийн далбаан дээр байдаг. Мөн түүхэн хаадын дардас болон малын тамганд ч хэрэглэж ирсэн түүхтэй. Энэхүү тамгыг би Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Далайн дуулга” уулын” Хөх үзүүр” гэдэг хаднаас  олсон юм. Энэ хүрлийн үеийн хадны зургаас үүдэн дэлхий даяар тарсан тухай танилцуулна. 100 гаруй мянган жилийн өмнөх түүхийг харуулсан хадны зураг ч бий. Эдгээр ховор түүхэн өв байгалийн хүчин зүйлс болон хүний буруутай үйлдлээс болж сүйдэж байна. Өмнөговь аймгийн Үхэртийн агууд байсан 17 дугаар зууны монгол бичгээр бичсэн шүлгэн бичээсийг хүмүүс арилгаж, дээр нь эрээчсэн байх жишээтэй. Дэлхийд Африк, АНУ, Австрали, Монгол зэрэг улсуудад хадны зургийн өв соёл бий. Эдгээр хадны зургийг бид ямар учир утгатай, юу хэлж буйг нь судлаж, тайлах хэрэгтэй.


СУИС-ИЙН ПРОФЕССОР, ДОКТОР С.ДУЛАМ: РАШААН ХАДАН ДЭЭР 400 ГАРУЙ ТАМГАНЫ ЗУРАГ БАЙДАГ

-Миний судалгаанаас үндэслэн Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулнаас сэдэвлэн “Хөмөргөн гурвалжин” этно модерн бүжгийн жүжиг хийсэн. Хадны зургаас сэдэвлэсэн анхны бүжгэн жүжиг гэж бодож байна. Манай орон хадны зураг судлал гэхээсээ илүү хадны зургийн өвөөрөө дэлхийд баялаг орны нэг билээ. Зөвхөн Дэл ууланд гэхэд 3000 гаруй хадны түүхэн зураг байх жишээтэй. Рашаан хадан дээр 400 гаруй тамганы зураг байдаг гэхээр үнэхээр гайхалтай юм.


“ЧУЛУУН ШАШТИР” ТББ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР Д.ЦАХИЛГААН: ГАДНЫХАН МОНГОЛ УЛСЫГ ОНЦОЛЖ БАЙНА

-Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар олон улсын хэмжээнд ярилцана. Дараагаар нь орон нутгийн захиргаа, иргэд бүс нутаг дахь өвөө бүртгэж, хамгаалдаг болох юм. Жилээс жилд байгаль цаг уур, болон хүний хүчин зүйлсээс үүдэн соёлын өвүүд маань устаж байна. Хадны зураг судалдаг эрдэмтдийн хэлж буйгаар Монгол улс, Австрали, Африк гэсэн гурван гол улс байдаг. Гадны судлаачид тэр дундаа манай орны хадны зургыг ихэд сонирхож, онцолж байна.


ХАДНЫ ЗУРГААС СЭДЭВЛЭН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЖ БУЙ ЗУРААЧ Ш.ТЭНГИСБОЛД: ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХҮҮХЭД НАСНЫ УРЛАГ

-Өнөөдрийн уулзалтын үеэр хадны зургаас сэдэвлэсэн 60 гаруй уран бүтээлийн үзэсгэлэнгээ танилцуулж байна.  “Өтөг” гэдэг энэ бүтээл нь эртний газарзүйн зургийн анхдагч гэж хэлж болно. Малын хашаа, амьдардаг сууцаа дээрээс нь хараад зурчихсан харагдаж байна. Тухайн үеийн хадны зурагт буусан дүрслэлүүдийг орчин үеийн хэв маягт оруулж зурсан юм. Ховд, Баянхонгор аймагт байдаг хадны зурагнаас сэдэвлэсэн. Хадны сүг зураг бол хүн төрөлхтний хүүхэд нас юм. Тухайн үеийн ард түмний хамгийн гэгээлэг зүйлсийг хаднаа мөнхлөн үлдээсэн гэж боддог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж