Ц.Ганхуяг: ИЗНН 2-3 хоногт нэр дэвшигчдээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

Ц.Ганхуяг: ИЗНН 2-3 хоногт нэр дэвшигчдээ тодруулна

-УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа дууссан ч энэ асуудал бид нараас үл хамаараад СЕХ-ны буруутай үйл ажиллагаанаас болсон учир Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, манай хүмүүсийг бүртгэж авах ёстой-

СЕХ-ноос ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэвч тус намынхан Захиргааны хэргийн шүүхэд хандаж, улмаар хоёр шатны шүүх хурал дамжиж байж эцэст нь ялалт байгуулжээ. Энэ асуудлаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуягаас тодрууллаа.

-ИЗНН-ынхан УИХ-ын сонгуульд оролцох эсэх асуудал юу болсон бэ? Шүүхийн шийдвэр аль талд гарсан бэ?

-Шүүх хурал хоёр шаттай явагдсан. Өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны байдлаар Улсын дээд шүүхийн /УДШ/ шүүх хурал болж, хяналтын журмаар шийдвэр гаргасан. УДШ-ийн шийдвэр бол эцсийн шийдвэр юм. Тиймээс манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй боллоо. Бид нэгэнт хууль ёсны дагуу буруугүй гэдгээ тогтоолгосон тул ойрын хоёр, гурав хоногт багтаад нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулна.

-УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах хуулийн хугацаа дууссан. Гэхдээ СЕХ танай намын нэр дэвшигчдийг бүртгэх боломжтой гэсэн үг үү?

-Тийм. Энэ асуудал бид нараас үл хамаараад СЕХ-ны буруутай үйл ажиллагаанаас болсон учир УДШ-ийн шийдвэрийг биелүүлж, манай хүмүүсийг бүртгэж авах ёстой.

-УИХ-ын сонгуульд хэдэн тойрогт өрсөлдөх вэ?

-Энэ талаар одоохондоо ярих эрт байна. Яагаад гэвэл СЕХ-ны үйл ажиллагаанаас болоод манай намын зарим гишүүд өөр намд элсэж, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн байна. Бид бүхэн Монгол оронд өөрчлөлт шинэчлэл хийх, Үндсэн хуулийг шинэчлэх, төрийг засах үүрэгт чин сэтгэлээ зориулж байгаа зөв хүмүүсийг дэвшүүлэх бодлого барьж ажиллана.

-УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ИЗНН-аас гарч, Ардчилсан намд элссэн. Тэрээр ИЗНН-даа эргэж ороод, сонгуульд оролцох боломжтой болов уу?

-Үгүй. Мэдэхгүй өөрөөс нь асуух хэрэгтэй. Яагаад гэвэл өөрөө намаасаа гарсан. УДШ-ээс түүнийг ИЗНН-ын даргаас хассан. Хоёрдугаарт, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн болчихсон гэж би ойлгож байна.

-УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эргээд ИЗНН-д орох хүсэлтэй байвал хүлээж авах уу?

-Манай намд ямар нэгэн хаалт байхгүй. Ямар ч хүн намын дүрэм хүлээн зөвшөөрөх ёстой. Зарчимтай байх ёстой. Гуйвж дайвдаг байх ёсгүй. Зарчимтай, үнэнч, үнэт зүйлийг дээдэлдэг бол хэн ч, ямар ч хүн намын гишүүн болоход нээлттэй.

-УИХ-ын сонгуульд ялалт байгуулах боломжтой хүмүүсээ өөр намд алдчихсан юм биш биз дээ?

-Би тэгж болохгүй байна.

-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Би нэр дэвшинэ.

-Аль тойрогт вэ?

-Намын нөхөдтэйгөө ярьж байж шийднэ.

-УИХ-ын гишүүн С.Оюун хэлэхдээ “Ганхуяг бид хоёр сонгуульд өрсөлдөхгүй. Одоо шинэ нүүр царай хэрэгтэй” гэж байсан. Та өмнө нь сонгуульд өрсөлдөхгүй гэж байсан юм биш үү?

-Би өөрөө өөрийнхөө асуудлыг мэднэ. Намынхаа Үндсэний хорооны хурал дээр “нам дангаараар сонгуульд оролцохоор бол би нэр дэвшинэ” гэдгээ илэрхийлж байсан.

-ИЗНН-ыг гурван даргатай болохоор аливаа асуудалд гурван тийш хараад суучихдаг гэж улс төр судлаачид шүүмжилдэг. Үүнтэй та санал нийлж байна уу?

-Би энэ удаад хувь хүмүүсийн үзэл бодол, байр суурийн талаар хэлмээргүй байна. Яагаад гэвэл нэгэнт тэд сонголт хийгээд, өөр намд элсээд явсан. Энэ бол хувь хүний сонголт юм. Тэгээд ч сонгууль дөхөж байхад янз бүрийн юм яриад хэрэггүй байх. Гэхдээ ИЗНН-ынхан УИХ-ын сонгуульд оролцох явцад гай болсон гэдгийг хэлэх ёстой. Бид сонгуульд оролцох эрхээ олж авсан нь хамгийн үнэт зүйл юм гэж би ойлгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж