Дэлхийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэм хосгүй үнэт олдвор Монгол орны газар нутгаас бишгүй олддог ч бидний арчаагүйгээс гэх үү, ач холбогдол өгдөггүйгээс үү, бүү мэд. Ямартай ч үнэ цэнийг нь өнөө хэр үнэлэлгүй иржээ.
1990 он гарснаар Чингис хааны онгоныг гадны болоод дотоодын эрдэмтэн, судлаач нар бишгүй хайсан ч бүгд л мухардалд орж байжээ. Сүүлд Өвөрмонголд Чингис хааны онгоныг олсон гэх мэдээлэл ил болсон ч үүнд судлаачид төдийлөн ач холбогдол өгдөггүй.
Гэхдээ Ордост Чингис хааны онгоныг тахих үйл хэргийг жил бүр хийж, их хааны байлдан дагууллыг харуулсан сүрлэг хөшөө, дурсгал зэргээр гадны жуулчдын нүдийг хужирлаж, тийш зам мөрөө гаргах сонирхлыг нь өдрөөс өдөр татсаар буй нь хөдөлшгүй үнэн.
Монголын нууц товчоонд “Хорхунаг Жубурын хөндийд, хожим хаадын хаад болох Тэмүжин, өөрийнх нь замыг нь засч, их хааны суудалд хөтлөх жолоог нь атгуулсан Жамухад Мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бүсээ бүслүүлж, эсгэл халиуныг унуулав. Гүр хаан Жамуха хариуд нь Увас Мэргидийн Дайр Үсүнээс олзолж авсан алтан бүсээ Тэмүжинд бүслүүлж, эвэрт ишгэн цагаан морийг Тэмүжинд унуулжээ” хэмээн бичжээ.
Харин энэхүү хоёр алтан бүсний нэг нь байж болох олдвор Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалдаж буй ч бид төдийлөн мэддэггүй. 1981 онд археологич, доктор Д.Навааны олсон олдворын тухай энд ярьж байна. Сонгинохайрханы Дадарт уулын баруун амнаас олдсон алтан бүстэй дайчин эрийн хэн бэ гэдгийг тогтоохоор олон хүн санаа бодлоо уралдуулсан аж. Олдворыг анх олсон доктор Д.Наваан багш уг алтан бүсийг тухайн үед амьд сэрүүн байсан ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, олноо эрдэмтэн гэгдсэн О.Намнандорж, ардын зураач Ядамсүрэн нарт үзүүлэхэд “Жамухын бүс” гэсэн ажээ . Сүүлд АНУ-ын монголч эрдэмтэн Хангины Гомбожав ч гэсэн “эргэлзэх хэрэггүй. Жамухын алтан бүс мөн” гэсэн гэнэ.
Уг археологичдын багт өнөөгийн “Чингис хаан” дээд сургуулийн захирал археологич Х.Лхагвасүрэн орж ажилласан бөгөөд энэхүү булш нь энгийн хүнийхээс эрс өөр байсан тухай хэллээ. Уг хүнийг оршуулахдаа доош ухаснаас гадна хажуу тийшээ хөндийлж ухан шарилыг нь хөндийлсөн хэсэгтээ оршуулсан байжээ. Монголчууд эрт үед алдар суутай, язгууртнуудыг голдуу ингэж оршуулсан байсан төдийгүй эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг нь хамт хийдэг байсан гэнэ. Уг шарилаас алтан бүс, сумны зэв, дал дөрвөн өндөр гарч ирснээс гадна шарилыг нь үйсээр битүү ороосон байсан гэнэ. ШУ-ны доктор, профессор Д.Түмэнд энэхүү шарилыг өгч шинжлүүлсэн бөгөөд түүний шинжилгээгээр 50-60 орчим насны, эрүүл чийрэг эрэгтэй хүн болохыг тогтоожээ. Уг шарилыг тухайн үед эрдэмтэд Жамухын онгон гэх таамгийг дэвшүүлсэн ч цаг үеийн нөхцөл байдал, хаалттай нийгэм байсан учраас тэгсхийгээд дарагдсан аж.
ШУ-ны доктор, профессор Д.Түмэнгийн хэлснээр энэхүү хүн нь монголчуудын 30 орчим хувьд нь байдаг “С3С” гэсэн эхийн талаас удамшдаг гентэй байсан аж. Харин өнөөгийн бидэнд буй мэдээллээр аймаглан судлах боломж байхгүй. Тиймээс яг хаанаас гаралтай, хэн бэ гэдгийг бүрэн дүүрэн тогтоох боломжгүй.
Харин судлаачид уг бүсний эзнийг Жамуха сэцэн хэмээн үзэхдээ МНТ-ны зарим зүйлүүд эх сурвалж болжээ. МНТ-нд дурдсанчилан Чингис хаан Жамуха хоёр анд бололцохдоо алтан бүсээ солилцсон. Хэрэйдийн Ван хан Тоорилын нутаг Туул голын хар шугуйд Жамуха нас барсан байх магадлалтай бөгөөд энэхүү газар нь өнөөгийн Богдхан уул, Сонгинохайрхан орчим билээ. Жамухыг хаан хүний ёсоор цус гаргалгүй нөгчөөж, хүндэтгэлтэй оршуулсан гэсэн зэрэгт үндэслэвэл Жамухын булш мөн бололтой. Биш ч байж болно.
Харамсалтай нь алтыг нь аваад авдарыг нь гэгчээр алтан бүсийг нь Эрдэнэсийн санд, 13 дугаар зууны монгол хүний хөгжлийн илтгэх шарилыг нь сургуулийн агуулахад хаяжээ. Өнөөдөр түүхийг үнэт олдвор ийнхүү зориулалтын бус газарт хэзээ л бол хэзээ сувдаг сэтгэлтнүүдийн шуналын золиос болоход бэлэн байна.
Мэдээж бид Жамухын шарилыг түүнийх мөн эсэхийг нарийн тогтоох боломж, бололцоо байхгүй. Гэхдээ хадгалж, хамгаалах л хэрэгтэй. Түүхч, археологич Д.Эрдэнэбаатарын олж нээсэн Хүннүгийн Шаньюгийн, Жамухын, өшөө хэний ч байж болох бидний түүхийн бодит гэрч болсон баримтууд сургуулийн агуулахад ийнхүү хэдхэн судлаачдаас өөр хамгаалах хамгаалалтгүй хөглөрч байна. Хэн дуртай нь үдшийн бүрэнхийд үүд, цуургыг нь эвдэн тоноод хил давуулан арилжихгүй гэсэн баталгаа даанч алга.
Гэтэл саяхан Ховд аймгийн нутгаас олдсон Түрэгийн үед хамаарах булшнаас олдсон “адидас”-ын логотой төстэй гутал дэлхийг шуугиулж байна. Бидэнд гадны аль ч музейгээс дутахааргүй “амьд үзмэр”-үүд байсаар атал бид түүнийхээ үнэ цэнийг мэдэхгүй байгаа нь харамсалтай.
Хэрэвзээ энэ шарил Гүр хаан Жамухын шарил мөн бол түүний алтан бүс өнөөдөр Монголын Эрдэнэсийн санд хадгалагдаж байна. Эрдэнэсийн санд хадгалагдаж буй энэ бүс Жамухын бүс мөн гэж үзвэл угтаа Хорхунаг Жубурын хөндийд Жамухад өгсөн Тэмүүжиний бүс болох нь гарцаагүй. Энэхүү бүс, их хааны байж болох шарилын нууцыг “News production”-аас бэлтгэн хүргэж буй “Нууц” нэвтрүүлэг ил болгох юм.
Түүхийн үнэт олдворын араас эрэн сурвалжилсан энэхүү нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.