“Алтан түрүү” цом гардуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

“Алтан түрүү” цом гардуулна

“Алтан түрүү” цомыг Соёолонгийн түрүү магнайд гардуулна

Монголын тулгар төр Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жил, Улс хувьсгалын 90 жилийн ойн үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Дэлхийд ганц наадмаа монгол түмэн хүлээх зуур үндэсний үйлдвэрлэгч АПУ  компанийн “Алтан түрүү” цомыг хэний хурдан буян хүртэхийг тааж ядан сууна. Тоосноос нь хүртсэн хэн хүний хийморь сэргэдэг соёолон насны хурдан буянуудаас аль нь энэ цомыг эзэндээ авчрах бол. Энэ л асуулт Хүй долоон худаг руу яарсан олны сэтгэлийг улсын бай, шагналаас дутуугүйгээр наадамчин олныг татаж байгаа нь лавтай.

АПУ компани монгол түмний аз, хийморийн билэгдэл болсон Алдарт Толин хул хүлгийн дүрслэл бүхий  “Алтан түрүү” цомоо уламжлал ёсоороо гурав дахь жилдээ гардуулах гэж байна. Унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулсан улсын наадмын түрүү соёолондоо энэ л цомыг хүртээхээр уяачид ч гал бүртээ нэгийг бодож сууна. Хийморьлог ардын маань цог золбоог мялаасан үндэсний шилдэг үйлдвэрлэгчийн гаргасан эл цомын эзэн хэн байх тухайд ч таавар хэдийнэ эхэлчихжээ. Өнгөрсөн хоёр наадмаар уяач А.Цэнд-Аюушийн уясан зоос бор соёолон, Завхан аймгийн харъяат О. Отгонбаатарын Соёолон хүлэг тус тус  “Алтан түрүү” цомыг нэг сая төгрөгийн хамт эзэндээ авчирч, хурсан олон, наадамчин түмний баяр дээр баяр нэмсэн билээ. 

Нар, хур нь тэгширсэн монгол наадмын өнгө жавхаалаг энэ өдрүүдэд уяачдын галд хүүхдийн гийнгоо цангинан байна. Үндэсний үйлдвэрлэгч АПУ компанийн “Алтан түрүү” цом унасан хүүхэд, уясан эзнээ баягасан хурдан буянаа хүлээн байна. Уяачдын нүд нь хурц, уяа нь мэргэн, хүлэг нь хурдан байж, “Алтан түрүү” цомыг эзэндээ авчрах болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж