УИХ-ын дэд дарга Н.Энхболд оршуулах ёслолд оролцов

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Н.Энхболд оршуулах ёслолд оролцов

УИХ-ын Дэд дарга Н.Энхболд онгоцны ослоор амь үрэгдсэн БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньски, Тэргүүн Хатагтай М.Качиньска нарыг энэ сарын 18-нд Польшийн Краков хотноо оршуулах ёслолын ажиллагаанд оролцов.
    Тэрбээр энэхүү эмгэнэлт ослоор Польшийн Ерөнхийлөгч, түүний гэргий, түүнчлэн төр, засгийн олон зүтгэлтэн, иргэд амь үрэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нараас эмгэнэлийн цахилгаан илгээснийг болон Монголын ард түмэн, олон нийтийн байгууллага, хувь хүмүүсээс Польшийн төр, Засгийн газар, ард түмэн, талийгаачдын гэр, бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж байгааг Польшийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Сеймийн Маршал Б.Коморовски, Сенатын маршал Б.Борусевич, Ерөнхий сайд Д.Туск нартай  уулзаж уламжлав.
     УИХ-ын Дэд дарга Н.Энхболд гадаадын бусад төлөөлөгчдийн хамт Краков хот дахь Ариун Мариягийн сүмд болсон талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслол, Краковын Вавелийн цайз дахь Хаадын сүмийн Бунхант Цогцолборт /Польшийн зарим Хаан, нэрт хүмүүс, цэргийн жанжин нарыг тэнд нутаглуулсан байдаг/ оршуулах ёслолд оролцон, эмнэгэлийн дэвтэрт эмгэнэл бичиж үлдээсэн тухай Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн хэлтэсээс мэдээллэв.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж