Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

“Торгуулийн суман”

Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр

Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулснаас хойших хоёр өдрийн хуацаанд сошиалаас олж харсан хамгийн гэрэл гэгээтэй мэдээлэл нь “Р.Амаржаргал гишүүн М.Батчимэг гишүүнд зайгаа тавьж өглөө. Мундаг хүн юм”…

Р.Амаржаргал 1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар, 2000-2004 онд “Амаржаргал” сангийн тэргүүнээр ажиллаж байв. 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр дараалан гурван удаа сонгогдож, 12 жил парламентад суужээ. Ноён Баабарын “ерөөснөөр” АН гудамжинд гудамжинд лааз өшиглөсөн дөрвөн жилийг эс тооцвол Р.Амаржаргал гэдэг хүн сүүлийн 18 жил Монголын улс төрд зүтгэсэн байна. Дундуур нь нэг удаа “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байна” гэж мэдэгдээд намынхнаа түргэн авахуулсаныг эс тооцвол…

Түүний өмнө У.Хүрэлсүх гишүүн эхнэрээ эмчлүүлэхээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байв. Оронд нь МАН-ын жагсаалтын аравдугаарт эрэмбэлэгдсэн Д.Сарангэрэл хатагтай УИХ-ын гишүүнийн тангараг өргөсөн. Харин Р.Амаржаргал гишүүний хувьд эрх барьж байгаа намын бодлого таалагдаагүй учраас гишүүний бүрэн эрхээсээ татгалзахаар эсэрүүцэл зарлаж байв. Өөрийгөө тоодог, нэр төрөө эрхэмлэдэг хүний хувьд байж болох л алхам. Гэвч тухайн үед УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд “Сонгогчийн эрх ашиг нэгдүгээрт, таны хүсэл зориг хоёрдугаарт байна аа” гэж хэлээд татгалзсан. Р.Амаржаргалыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж гэмээн сонгогдсон тойрог дээр нь дахин сонгууль явуулах хэрэгтэй болно.

Гэвч энэ удаа Р.Амаржаргал гишүүн өөрийн улс төрийн эрхээс хоёр дахиа ухарлаа. Сүхбаатар дүүргийн АН-ын хороо түүнийг хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлсэн ч ҮЗХ-гоор нэр дэвшигчдийг батламжлах үед тэр нэрээ татаж, М.Батчимэг гишүүнд өөрийн тойргийг өгчээ. Ингээд Р.Амаржаргалын оронд М.Батчимэг МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболдтой өрсөлдөхөөр болов.

Сонгуулийн шинэ хуулиар Сүхбаатар дүүрэг УИХ-ын дөрвөн тойрогт хуваагдсан. Энд МАН-аас нэр дэвшиж байгаа нөхдийн гурав нь саяхан олон нийтэд зарлагдсан МАН-ын хамгийн хөрөнгөлөг хэсэг. Дандаа баруунд боловсрол эзэмшсэн, УИХ, Засгийн газрын гишүүн, намын дарга явсан нөхөд. Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил нарын хувьд өмнө нэр дэвшиж сонгогдож байсан хуучин тойрог нь. Үлдсэн ганц эмэгтэй нь ч бас л өмнө нэр дэвшиж өрсөлдсөн тойрогтоо “даагаа нэхэж” байгаа.

Харин АН-аас тэдэнтэй нэр дэвшиж өрсөлдөхөөр “аманд очсон” дөрвийн гурав нь “Нэг ардчилал” фракцийнх. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг гурав хоорондоо нэг, нэг сонгуулийн зайтай ар араасаа цуварч УИХ-д орж ирсэн АН-ын залуу үе. Тэр тусмаа нам дотроо ч, УИХ дотор ч нэлээд хурц харагддаг шинэчлэгч хэсэг нь. Нэг нь “Боловсрол чинь болохгүй байна”, нөгөө нь “Хуулийн салбарыг хуульжуулъя”, гурав дахь нь “Тогтолцоо чинь буруу  яваад байна. Хүнтэй нь биш, хуультайгаа ажиллая” гэж хэлээд тэрийгээ хийгээд, хийх гээд явж байгаа, яг одоогийн парламент дотор бол арай нэг содон хэсэг нь. Тэдэнтэй адил социализмын үед өсч хүмүүжээд, зах зээлийн үед боловсрол эзэмшээд, хоёр нийгмийн сайн, мууг үзээд туулчихсан 70, 80-аад оныхны хувьд бол нөхөд урдаа барих туг шиг л харагддаг.

Түүнээс дээших үеийнхэн нь хийдгээ хийгээд гавьяаныхаа амралтанд гарчихсан /улстөрчдөөс бусад нь/, доод үеийнхэн нь “айл гэр болж тоглодог” насан дээрээ яваа болохоор яг өнөөдөр ачааны хүндийг үүрч, ар гэр, ах дүү, улс орноо үүрч дүүрч яваа нь 70, 80-аад оныхон л болчихоод байгаа. Тэр хэрээрээ өөр дээрээ стрес ч их авдаг шиг харагддаг. Эхнээсээ нас дөч гараад, тавь дөхөөд явж байгаа. Яг энэ үеийнхний төлөөлөл гурван нөхөр Сүхбаатар дүүрэгт зэргэлдээ тойрогт нэр дэвшиж байгаа юм байна. Дээр нь Б.Мэдрээ гэж “зөнгөр” гар бий. Нэг ч сонгуульд орж үзээгүй, ялж үзээгүй. Дандаа өөрийнхөөрөө явдаг, хүнд тал засах тухай ойлголт, улстөрчийн араншин байхгүй. Авах юм нь сайн банкир, үнэхээр сайн мэргэжилтэн.

Хөрөнгөлөг хэсгүүдтэй харьцуулах юм бол манай гуравт бэл бэнчин гэх байх юм үгүй. Нэг ч компанигүй, тендер авч байгаагүй, олонхи монголчуудтай адил гэр хорооллын гудамжинд шороон дээр хөлбөрч өссөн ардын хүүхдүүд. Үеийнхнээсээ ялгарах юм нь толгойдоо жаахан мэдлэг хураасан, Харвардын биш ч Монголын боловсролтой, мэдлэгээ туршлага болгоод аваад явчихсан. Тэдний дараа үе гэгдэж улс төрд орж байгаа нөхдүүд нь дандаа баян өв залгамжлагчид, эсвэл даргын “цүнх барьсан” цагаан гартнууд байх жишээтэй. Ийм нэг хэзээ ч тэтгэвэрт гардаггүй “ах” нар, хэзээ мөдгүй дарга болох хүсэлтэй “цүнх баригчид” гэсэн хоёр үеийн дунд хавчигдсан нэг үеийн гурван улстөрчийг МАН-ын баячуултай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралц хэмээн нам нь томилсон байна. Тушаал биелүүлдэггүй цэргүүдээр торгуулийн суман байгуулаад ялахгүй гэсэн тулаандаа явуулдаг шиг. Хоёр нам тохироо хийгээд зориуд ингэж тарууллаа гэвэл хэтийдсэн болох биз.

Гэвч залуу хүмүүс зоригтой болохоор хэн нь энгэртээ одонтой харьж ирэхийг хэн мэдлээ. Дутагдал нь давуу тал болох үе ч бас бий.   

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж