Хуучирсан мэдээ: 2016.05.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын ганц

2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам нэг л залууг нэр дэвшүүлэх болсон нь цахим ертөнцөд шуугиан дагуулж байна.

Эрх баригч хүчин энэ удаагийн сонгуульд 35 хүртэлх насны залуу үеийг төлөөлөн ганц нэр дэвшигч сойсон нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвших тэрбээр МАН-аас өрсөлдөх Хөдөлмөрийн сайд асан Н.Чинзоригтой нэг тойрогт тулжээ.

Ардчилсан нам түүнд нэр дэвших “виз” олгохдоо Ардчилсан намын бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэшсэн хуульч хэмээн үзэж, итгэл хүлээлгэжээ. Хуульч мэргэжлээр суралцаж байх үеэс УИХ-ын Тамгын газарт дадлага хийж, сургуулиа төгсмөгц УИХ-ын гишүүний ажлын албанд ажиллаж, 2013 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албыг удирдсан байна.

Тэрбээр хууль тогтоох байгууллагад нийт арваад жил ажиллахдаа олон арван хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцож, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж иржээ. УИХ дахь намын бүлгийн ажлын алба бол улс төрийн намын халуун гал тогоо нь байдаг.

Хууль тогтоох байгууллагын ажил руу оюутан байх үеэс оролцсон тэрбээр өсвөр насандаа зуныхаа амралтаар айлын хүүхэд харахаар Улаанбаатар хотод ирээд, Хорооллын эцэст дөрвөн ханатай гэр барин бие даан амьдарч, амралтын өдөр цуйван хийн “Нарантуул” захад аваачин зарж, хичээлийнхээ бэлтгэлийг хангадаг сүйхээтэй хүүхэд байжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж