Д.Зоригт: Оффшор данстай гэдэг нь цэвэр гүтгэлэг

Хуучирсан мэдээ: 2016.05.30-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Оффшор данстай гэдэг нь цэвэр гүтгэлэг

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • Тусгаар тогтнолын талбайд МАХН-ынхан өнгөрөгч бямба гаригаас өлсгөлөн зарлаж эхэлсэн. Нийт 17 гишүүн нойтон өлсгөлөн зарласан юм. Тэд сонгуулийг шударга зохион байгуулах ёстой гэж үзэж байна. Өлсгөлөнг МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарын 17 гишүүн зарласан байгаа юм.

  • Ардчилсан намын нэр бүхий гишүүд Бермудын арлын оффшорт данс нээлгэн их хэмжээний доллар байршуулсан нь ил болсон дуулиан энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн цацагдсан. Эл дуулианд нэр холбогдсон УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт энэ талаар “Надад ямар ч оффшор данс байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. Сүүлийн үед оффшор данстай болгох, оффшор данстай хүнийг үл бүтэх хүн болгож харагдуулах хандлага дэлгэрлээ. Тэгээд оффшор гэсэн нэр хаяг зүүж, тодорхой хүнийг харлуулах зорилгоор энэ ажлыг зохион байгуулалттай хийж байна гэж харж байна. Дахиад хэлье, надад ямар ч оффшор данс байхгүй.” гэжээ.

  • Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт товлогджээ. Уг хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэж, мөн гурван асуудлаар мэдээлэл сонсох юм. Хэлэлцэх асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд багтаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт орулах тухай төсөл гурав дахь удаагаа хэлэлцэгдэхээр орж иржээ. Энэхүү төсөлд залуучуудын квот тогтоох тухай заалт туссан юм. Залуучуудын квотыг хуульд тусгаж өгөхгүйгээр Монголын хүн амын 60 хувийг эзэлдэг залуучуудыг төлөөлсөн төлөөлөл УИХ-д орж ирэхгүй байна гэж тэрбээр үзэж буй.

  • Улаанбурхан-улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 18-30 насныхныг хамруулан вакцин хийж эхэлсэн. Тавдугаар сарын 12-ноос эхэлсэн вакцинжуулалт ирэх лхагва гаригт буюу зургадугаар сарын 1-нд дуусах юм.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд, Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн дарга Питр Роскам тэргүүтэй албаныхан оролцжээ.

  • “Монгол цэргийн жавхаа” уралдаан дөрөв дэх жилдээ Их эзэн Чингис хааны талбайд өнгөрөгч бямба гаригт ёслол болж өнгөрлөө. Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги оролцсоноос эхний шатанд шалгарсан есөн анги хоёрдугаар шатанд дахин шалгарчээ. Үүнд Зэвсэгт хүчний 350, 084, 017, 150, 119, 029, Хилийн 0164, 0252, Онцгой байдлын аврах тусгай анги шалгарч, үзүүлэх тоглолт болон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж